2016 оны Үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг хэлцэж, 2018 оныхыг батлав

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-06-19 10:09:02
 
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг таван бүлэг, 22 зорилт,158 бодлогын арга хэмжээг гурван их наяд 839,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Түүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 233,9 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 110 тэрбум, гадаад эх үүсвэрээс 267 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэлээр гурван их наяд189 тэрбум, бусад эх үүсвэрээс 39,9 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр тусгасан байна. Гэтэл 2016 оны эцсээр Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээний биелэлт 61.2 хувьтай гарчээ.
Үндсэн чиглэлийн зорилт,  арга хэмжээний 19 нь 100 , 39 нь 90, 23 нь 70, 33 нь 50 хувьтай биелсэн байх юм.  Бусад арга хэмжээ нь 30 хувиас доогуур үзүүлэлттэй  гарчээ. Мөн долоон арга хэмжээ огт биелээгүй, хоёр арга хэмжээ үнэлэгдээгүй байх жишээтэй.  Үндсэн чилэлийн 2016 оны  урьдчилсан гүйцэтгэлийг хэлцэж,   түүнд тусгасан  зорилтод  арга хэмжээний  санхүүгийн эх үүсвэрийг бодитоор тооцож байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд Засгийн газар хүрсэн байна.
Энэ дүгнэлт дээр үндсэлэн, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэлийг  Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 /МУТХҮБ-2030/, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөр /ЗГҮАХ/,  УИХ 2016 оны 11дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор  18 сарын хугацаанд хэрэгжүүлэх  Эдийн засгийг сэргээх  хөтөлбөр /ЭЗСХ/  болон бусад баримт бичигт тулгуурлан боловсруулж Засгийн газар өргөн мэдүүлснийг УИХ  хэлэлцэн баталсан юм.
Үндсэн чиглэл бүтцийн хувьд  Макро эдийн засгийн бодлого; Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого; Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого; Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого; Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлог, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй. Эдгээрийн хүрээнд 2018 онд хэрэгжүүлэх 22 зорилт,  99  арга хэмжээг шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг иж бүрэн тусгасан , жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан юм.
Макро эдийн засгийн бодлогын төвшинд эдийн засгийн өсөлтийг Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 1,8 хувьд, Ажилгүйдлийн түвшинг 8 хувь, инфляцийг 6.1 хувь, нэгдсэн төсвийн алдагдалын ДНБ-д эзлэх хэжээг 9,5 гэгчлэн шигтгэж өгчээ. Эдгээр нь урьд жилийн  Үндсэн чиглэлээс нэг шатаар дээшилж эерэг үзүүлэлттэй болсон  байх юм.
Бүлэг, зорилт тус бүрээр нь авч үзэхэд, Үндсэн чиглэлийн  арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан долоон их наяд 311,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс  улсын төсвийн хөрөнгөөр 318,1 тэрбум, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541,5тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 496,4 тэрбум бусад эх үүсвэрээс 15,4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр болсон аж.
 Мөн дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг үе шаттайгаар буруулах замаар өрийн дарамтыг арилгах, төсвийн тогтвотой орлогын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор зарим татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, төсвийг хумих бодлогын арга хэмжээг 2018 онд хэрэгжүүлэхээр болсон тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 1,8 хувиар өснө. Бодит байдал дээр эдийн засаг, нийгмийн хөгжил  Үндсэн чиглэлд тусгаснаас илүү өсөх боломжтой гэж мэргэжилтэнүүд үзэж байгаа гэнэ. 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын төсөв, хямралт байдлыг тогтворжуулах цаашид өсөлт гарах суурийг тавих онцлогтой Үндсэн чигэл батлагдсан гэж үзэж болох нь .  Г.Эрдэнэбат
Холбоотой мэдээ