Зилинь мужийн захирагчийн орлогч асныг намаас хөөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-30 16:25:25

БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун хойд нутгийн Зилинь мужийн захирагчийн орлогч асан Гу Чуньлиг Коммунист намаас хөөж, бүх албан тушаалаас нь огцруулжээ. Энэ тухай тус намын Сахилга батыг шалгах комиссын мэдэгдэлд дурдсан байна.

Тус комиссын мэдэгдэлд дурдсанаар, Гу Чуньли “сахилга батыг ноцтой зөрчиж, боловсон хүчнийг томилохдоо өөрийн болон бусдын ашиг сонирхолд албан тушаалаа урвуулан ашиглаж, үнэтэй бэлэг сэлт авсан байна”. Үүнээс гадна, тэрбээр улсын хөрөнгийг завшиж, төрийн сангийн хөрөнгийг эхнэрийнхээ бизнесийн үйл ажиллагаанд болон өөрийн зардалд  ашиглажээ.

Сахилга батыг шалгах комисс хэргийг шүүх эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй болсны дараа Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж эхэлсэн юм. Гу Чуньли Зилинь мужийн захирагчийн орлогчийн албыг 2013 оны нэгдүгээр сараас 2015 оны наймдугаар сар хүртэл хашиж байв

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн билээ. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ