Хөдөлмөрийн баатар саальчин С.Аюушт “Сайн малчин” дээд шагнал хүртээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-07 16:42:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн “Малчин эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан Хэнтий аймгийн 88 багийн малчин эмэгтэйчүүдийг хамруулсан “Гамшгийн эрсдлийг бууруулахад малчин эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт сургалт, “Нийгмийн сайн сайхны төлөө бид  хамтдаа” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Хэнтий аймгийн малчин эмэгтэйчүүдийн холбооны “Сайн малчин” дээд шагналыг Биндэр сумын харъяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар саальчин С.Аюушт хүндэтгэл болгон хүртээсэн байна.
Энэхүү  шагналаар жилд  9 малчин эмэгтэйг тус холбооноос гаргасан журмын дагуу шалгаруулан шагнаж байх юм.
Уг шагналыг бүтээхдээ “Цацлын дүрс бүхий ногоон гантиган суурин дээр бадамлянхуа цэцэг, төгсгөлгүй үргэлжлэх өлзий утсыг цэцгэн эвэр угалзаар чимж,” Монголын нүүдэлч уугуул малчин эмэгтэйчүүдийн холбоо” -ны билэг тэмдгийг дүрслэн цацлын халбаганы эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл, танин мэдэхийн хүсэл, харилцахын хүсэл, хамтран амьдрахын хүсэл, үрийн хүсэл, амирлангуйн хүсэл, эзэн эрхийн хүсэл гээд нар зөв эргүүлээд  хамгийн  сүүлд голд нь мөнх амьдрахын хүслийг билэгддэг нүдийг есөн эрдэнээр шигтгэж дүрсэлсэн байна.
Уг суурин дээр Монгол түмний гал голомтын мөнхийн билэгдэл нар, сар, гал, “Сайн  малчин” гэсэн үгийг босоо монгол бичгээр товойлгон сийлбэрлэж, өнгөрсөн, одоо, ирээдүйн бат бэхийг билэгдэн гантиган суурьтай бүтээжээ.
   Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ