Путин Саркозитой уулзана

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-10-29 15:16:26

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу 10 дугаар сарын 29-нд Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозитай уулзана. Энэ тухай тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

Песковын хэлснээр, “Путин Саркозитой хоёр талын болон Сирийн хямрал зэрэг олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ”.

ОХУ-ын Ерөнхийлөгч Францын удирдагч асантай ажил хэргийн эртний холбоотой болохыг Песков сануулсан байна.

Энэ нь 2012 онд ерөнхийлөгчийн сүүлийн бүрэн эрхийнх нь хугацаа дууссанаас хойш Саркозигийн Путинтай хийж буй анхны уулзалт биш юм. Тухайлбал, тэд Францын тэргүүн хатагтай асан, дуучин Карла Бруни Москва хотод тоглолт хийсэн өдөр буюу 2014 оны зургадугаар сарын 2-нд Сочи хотод хувиараа уулзаж байв. Үүнээс өмнө Путин Францын удирдагч асныг 2012 оны 11 дүгээр сард Ново-Огарево төрийн ордонд хүлээн авч байсан бөгөөд уулзалт хувийн шинжтэй болж өнгөрчээ.

2007-2012 онд Францын Ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа Саркози ОХУ-д хэд хэдэн удаа айлчилсан юм.

Европын эрх баригчид ОХУ-тай стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж одоо “Бүгд найрамдахчууд” намыг тэргүүлж байгаа Францын удирдагч асан урьд нь удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ