Гэмт хэрэг зөрчлийн дуудлага өсөх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-03 15:04:29
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2015-2017 он хүртэл гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 672 бүртгэгджээ. Энэ тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгааг харуулж байгааг мэргэжилтнүүд өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан сургалтын үеэр хэллээ.

Төв аймгийн Гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл, аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр “Хамтарсан баг”-ийн сургалтыг зохион байгуулж, 27 сумын Засаг дарга нар болон хамтарсан багийн 200 гаруй гишүүд сургалтад оролцов.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, аймаг, сумын ГХТэмцэх зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сумдын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг чадавхжуулах зорилготой зохион байгуулагдаж байгааг албаныхан тодотгосон юм.

Аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг хэлэхдээ: “Аймгийн хэмжээнд 26 “Хамтарсан баг”-ийн нийт 200 гаруй гишүүд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ удагаагийн сургалт нь хамтарсан багийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, харилцан туршлага судлахад чиглэгдсэн” хэмээв.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ