Лос-Анжелест орон гэргүй хүмүүсийн тоо эрс өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-01 11:50:05
ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/.  Ядууралтай тэмцэх арга хэмжээ авсаар байгаа хэдий ч АНУ-ын Калирфорни муж улсын Лос-Анжелес хошуунд  орон гэргүй хүмүүсийн тоо өнгөрсөн онд эрс өсчээ.

Тодруулбал, Лос-Анжелес хотод өнгөрсөн онд орон гэргүй хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдсэн бол Лос-Анжелес хошуу даяар 23 гаруй хувиар өссөн байна. 

Мэргэжилтнүүдийн хэлснээр, түрээсийн байрны үнэ эрс өсч, амьдрах өртөг хэт өндөр байгаа нь орон гэргүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйлс аж.

Лос-Анжелес нь эртнээс Америкт орон гэргүй хүмүүсийнхээ тоогоор “нэгдүгээрт” ордог байсан юм. Ийм хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 1993 онд Лос-Анжелесын орон гэргүй хүмүүст үйлчлэх газрыг байгуулж байжээ.

Лос-Анжелес хошууны албаны хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 100 сая доллар зарцуулахаа мэдэгдэв.

2016 оны нэгдүгээр сард Лос-Анжелес хошуунд орон гэргүй 46874 хүн байсан бол 2017 оны нэгдүгээр сар гэхэд энэ тоо 57794 болж нэмэгдсэн байна.
 


Лос-Анжелес хотын дарга Эрик Гаркетти хэлэхдээ “энэ бол ямар ч нэмэлт хачиргүй муу мэдээ” гэв.
 
Тус хотод 2000 оноос хойш өрхийн орлого дунджаар 3 хувиар буурсан бол түрээсийн байрны үнэ 32 хувиар өсчээ.
 
“Бага орлоготой айл өрхүүд орлогынхоо 70 хувийг орон байр түрээслэхэд, үлдсэн багахан хувийг нь хоол хүнс болон бусад хэрэгцээндээ зарцуулдаг. Бага орлоготой айл өрхүүдэд зориулсан 550 мянган айлын хямд үнэтэй түрээсийн орон сууц барих хэрэгтэй байна” гэж Лос-Анжелесын орон гэргүй хүмүүст үйлчлэх газрын албаны хүмүүс хэлэв.
 
Лос-Анжелест орон гэргүй хүмүүст зориулсан 10 мянган айлын орон сууц барих 1.2 тэрбум долларын санхүүжилтийг саяхан босгосон бөгөөд ирэх 10 жилийн хугацаанд орон гэргүй хүмүүст зориулсан төслүүдийг санхүүжүүлэх 3.5 тэрбум долларыг босгохоор төлөвлөж байгаа гэнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ