Ирэх зургадугаар сард Дорнын их найрагчийн алдар сууг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 21:21:57
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймагт Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний 88 жилийн ойг зургадугаар сарын 3, 4-нд  тэмдэглэх гэж байна.
ХХ зууны Монголын Утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН  ГАВЬЯАТ зүтгэлтэн Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн уран бүтээлийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг наадмыг өргөн хүрээнд зохион байгуулна.
Энэхүү наадмыг Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн санаачлагаар аймгийн ЗДТГ, аймгийн Музей, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр, аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар, Улиастай сумын ЗДТГ, Алдархаан сумын ЗДТГ, Зэвсэгт хүчний 325-р анги, “Тэнгэрийн харуул” хамтлаг, “Б.Явуухулан” сан  хамтран зохион байгуулах юм. Наадмын хүрээнд  аймгийн Алдартны Музейн Б.Явуухулангийн танхимд  засвар хийж Б.Явуухулангийн төрсөн газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авч түүх дурсгалын Соёлын өвд бүртгүүлэх ажил хийгдэж байна. Мөн үеэр "ОЮУНЫ ЖИМС-2017" хүндэтгэлийн яруу найргийн наадам, Б.Явуухулангийн “Мөнгөн жүнзний ёслол”, Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдаан, Монголын Утга Зохиолын төлөөлөл яруу найрагчидтай зохиолч уншигчдын уулзалт болно.
 
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ