Хятадын хиймэл арлууд руу АНУ хөлөг онгоцуудаа дахин илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-28 15:37:06

МОСКВА. /RIA Novosti/. Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хиймэл арлуудын бүсэд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин  хөлөг онгоцуудаа дахин илгээнэ. Энэ тухай Франс-Пресс агентлаг Америкийн түшмэлийн мэдээллийн иш татан уламжилжээ.

"Бид хөлөг онгоцуудаа дахин илгээнэ. Манай улсын хөлөг онгоцууд олон улсын усанд бидний сонгосон өдөр болон газарт байрлах болно" гэж нэрээ нууцлахыг хүссэн түшмэл хэлжээ.

Америкийн эскадрын мина зөөгч “Lassen” онгоц Хятадын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Өмнөд Хятадын тэнгисийн хятадууд өөрийн улсын газар нутаг гэж үздэг маргаантай байгаа Наньша арлын бүсэд хууль бусаар нэвтэрсэн тухай тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мягмар гарагт мэдээлсэн билээ. Тус яамны мэдээлснээр, Хятадын тал Америкийн хөлөг онгоцыг “хойноос нь дагаж, анхааруулга өгчээ”. АНУ-ын энэ үйлдэл нь улс орных нь тусгаар тогтнол, аюулгүй байдлыг аюулд оруулж байна гэж мэдэгдэн Хятадын ГХЯ Америкийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Харин дараа нь Пентагоны эрх баригчид Өмнөд Хятадын тэнгист ажиллагаа явуулж байгаа-гаа мэдэгдсэн байна. Америкийн Батлан хамгаалахын сайд Эштон Картерын хэлснээр, ажиллагааг “ирэх долоо хоногуудад болон саруудад явуулах аж”. Гэхдээ тэрбээр ямар ажиллагаа явуулж байгаа талаар тодорхой дурдаагүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ