Монгол орны агаарын температур +2.14 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин илүү байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-22 12:45:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дэлхийн дулаарал энэ эрчээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд нийт амьтан ургамлын 10 хувь, 2100 он гэхэд 30 хувь нь бүрмөсөн устаж үгүй болох нь гэсэн  тооцооллыг судлаачид дэвшүүлжээ. Тэгвэл уур амьсгалын энэхүү өөрчлөлтийг зогсооход  хувь нэмрээ оруулж,  эх дэлхийгээ аврах үйлст  дуу хоолойгоо нэгтгэхээр залуу үеийнхэн нэгдлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон “Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулганыг БОАЖЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо, Байгальд ээлтэй хөгжил ТББ, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан юм. Уг чуулганд нийт 300 гаруй хүний санал ирснээс 15-35 насны шилдэг 100 залуусыг оролцуулав.
 
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт хэмээх томоохон асуудал хурцаар тавигдах болж үүнээс үүдэлтэйгээр газрын доройтол, цөлжилт, байгалийн гамшигт үзэгдлүүд, цэвэр  усны  хомсдол, биологийн  олон  янз  байдлын  мөхөл гээд  асуудлууд тулгарч буйд залуусын оролцоо чухал байгааг чуулганы үеэр тодотголоо.
 
Анхдугаар чуулганыг 2015 онд зохион байгуулсан бөгөөд энэ удаагийнх  уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын талаар залуу үеийнхэнд бодит мэдээлэл өгөх, эх дэлхийгээ хамгаалах үйлст хувь нэмрээ оруулахад нь нөлөөлөх,  түүнчлэн хандлага, зан үйлээ өөрчлөхөд уриалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицоход туслахад чиглэж буйгаараа онцлогтой юм.
 
Уур амьсгалын өөрлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд хуримтлагдаж байгаа хүлэмжийн хий юм. Энэхүү хий нь манай дэлхийн гарагийг “үл үзэгдэгч хөнжил” мэт бүрхэж дэлхийн агаарын температур нэмэгдэхэд нөлөөлж байна.
 
Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй явагдаж, энэ өөрчлөлтөд байгаль экологийн тогтолцоо маш ихээр өртөж байна. Сүүлийн 70 жилийн дотор Монгол орны агаарын дундаж температур +2,14 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажтай харьцуулбал 3 дахин илүү, эрчимтэй дулаарч байгааг харуулж байна.
 
Зохион байгуулагчдын үзэж буйгаар залуу үеийнхэнд манай гаригийн ирээдүйг тодорхойлох асар их хүч бий, бөгөөд тэд өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч нь байж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийн манлайлагчид болж чадна хэмээн итгэл хүлээлгэж байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан дээр БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваа, БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлтийн гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ц.Гэрэлт-Од, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссыг төлөөлж Г.Ундрал, НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны Зохицуулагч Г.Учрал нар илтгэж тавьж үг хэллээ.
“Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь” үндэсний хоёрдугаар чуулган “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын туршлага, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох арга зам”, “Залуучуудын бүтээлч оролцоо ба цахим орчинд уур амьсгалын өөрчлөлтийн тухай бодит мэдээлэл түгээх” гэсэн гурван салбар хуралдаанаар үргэлжилж оролцогчид санал бодлоо солилцлоо.
 
Сүүлийн 40-өөд жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган, зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч байна.
Ийм учраас ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө оролцогч залуус маань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар Тунхаг бичиг баталж БОАЖЯам, ЮНЕСКО Үндэсний Коммист хүргүүлэхээр боллоо.
 
 
А.Мандирмаа
Холбоотой мэдээ