Элчин сайд О.Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ванд ИЖБ-ээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-05-22 11:34:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Ван Виллэм-Александрт тавдугаар сарын 17-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Гаага хот дахь Ноордэйнд ордонд болов. Цог Жавхлант Ван Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Элчин сайд О.Очийг хүлээн авч байгаадаа таатай байгаагаа илэрхийлэв. Элчин сайд О.Оч Цог Жавхлант Ванд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлав.

Ёслолын ажиллагааны дараа Цог Жавхлант Вантай хийсэн ганцаарчилсан уулзалтын үеэр Элчин сайд О.Оч Монгол Улс Нидерландын Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, усны менежмент, сэргээгдэх эрчим хүчний салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэв.

Цог Жавхлант Ван Виллэм-Александр Элчин сайд О.Оч нь хоёр улсын өнөөгийн ойр дотно харилцааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Элчин сайд О.Оч хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нидерландын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ