Өгийнуур суманд хашаа хороог халдваргүйжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-22 11:26:22
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын хонины цэцэг өвчин гарсан бүс нутгийн хашаа хороо, уст цэг, малтай харьцахад хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, өвөлжөө, хаваржаа, устгалын цэгийг халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын 02-оос-17-ныг хүртэлх хугацаанд аймгийн Мал эмнэлгийн албанаас хийгээд иржээ.

Энэ хугацаандаа Өгийнуур сумын Өгий багийн 48 өрхөөр орж 38 өрхийн 5930м², Орхон багийн 47 өрхийн 8680м² хашаа хороо, өтөг бууцыг “Hi-cop” халдваргүйтгэлийн бодисоор зааврын дагуу мотопомп багаж ашиглан шүршиж халдваргүйжүүлжээ.

Халдваргүйтгэлийн ажлыг аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулж хийж байгаа бөгөөд тухайн сумын малчид сэтгэл хангалуун, баярлаж буйгаа илэрхийлж байжээ. Мөн малчид өвөлжөөндөө дахин халдваргүйтгэл хийлгэх саналыг тавьсан байна.

Энэ ажлыг Хашаат суманд өнөөдрөөс эхлүүлж байна. Ажилд аймгийн мал эмнэлгийн албаны халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын 2 техник хэрэгсэл, 6 малын эмч 2 хэсэгт хуваагдан Хашаат сум болон Хашаат сумтай хил залгаа сумдын өвчний голомтын бүсийн айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг хийх юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ