Иранчууд өнөөдөр дараагийн ерөнхийлөгчөө сонгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-19 09:04:37
ТЕГЕРАН. /Reuters. Иранчууд өнөөдөр улсынхаа дараагийн ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Хассан Роухани, АНУ-ын эсрэг хатуу чиг шугам баримтлагч, консерватив үзэлт Ибрахим Раиси нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.


Аядуу консерватив үзэлт Х.Роухани нь АНУ ба бусад зургаан гүрэнтэй цөмийн хэлэлцээр байгуулах
замаар Тегераны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулж чадсан билээ. Тиймээс тэрбээр аливаа дипломат асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэнэ гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэр илэрхийлж байв.


Харин ерөнхий прокуророор ажиллаж байсан И. Раиси нь Х.Роуханигийн эдийн засгийн бодлогыг эрс шүүмжлэн “Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсны үр дүнг иранчуудын ихэнх нь хүртэж чадахгүй байна” гэж байлаа.

Тегеранд АНУ шахалт үзүүлэх нь нэмэгдэж байгаа энэ үед Ираны 12 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна.

Баллистик пуужин үйлдвэрлэж байгаатай нь холбогдуулан АНУ саяхан Ираны эсрэг шинээр хориг арга хэмжээ авсан юм.

Энэ сонгуулийн дүн Иран-АНУ-ын харилцаа болон Иран ба олон улсын харилцаанд ихээхэн нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд



Холбоотой мэдээ