iPhone-ийн шинэ загварыг борлуулж эхлэх хугацаа хойшлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-05-11 15:25:07
НЬЮ-ЙОРК./TASS/. “Apple” компанийн iPhone ухаалаг гар утасны шинэ загварыг хүлээгдэж байснаас 2-3 сарын дараа дэлгүүрээр борлуулж эхэлж магадгүй. Энэ тухай лхагва гарагт Америкийн “Fortune” сэтгүүлд мэдээлжээ.

Үүнээс өмнө шинэ iPhone-ийг энэ оны 9 дүгээр сарын эхээр танилцуулна гэж мэдээлж байсан бөгөөд түүнийг iPhone 8, iPhone Х эсвэл iPhone Edition гэж нэрлэж магадгүй аж. Энэ загвар  өмнөх загваруудаасаа хийц загвар болон функцээрээ нэлээд ялгаатай байх юм.

Баттай эх  сурвалжийн мэдээлснээр, Apple компанийн төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй бололтой. Учир нь шинэ iPhone-д зориулсан дэлгэц үйлдвэрлэх технологитой холбоотой хүндрэл үүссэн ба энэ нь шинэ iPhone зах зээлд 11 дүгээр сараас нааш гарахгүй болов уу гэсэн таамаглалыг төрүүлж байна.

“Apple” компани энэ онд нийтдээ гурван загварын ухаалаг гар утсаа танилцуулахаар төлөвлөөд байгаа юм. Тодруулбал, iPhone 8-аас гадна, iPhone 7S, iPhone 7S Plus гар утсыг танилцуулна. “Fortune” сэтгүүлд бичсэнээр, iPhone 8-ийн үнэ 1000 орчим доллар байх бололтой.

1976 онд анх байгуулагдаж байсан “Apple” компани iPhone-оос гадна Macbook зөөврийн компьютер, iMac ширээний компьютер болон бусад олон төрлийн техникийг үйлдвэрлэдэг. Тус корпораци нь дэлхийн хамгийн том компаниудын нэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 750 тэрбум доллар юм.

Сүүлийн жилүүдэд “Apple”-ийн ашгийн 2/3 орчим хувийг  iPhone-ийн борлуулалтаас олж байгаа аж. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаардаг байдлыг багасгах шаардлагатай гэж тус компанийн төлөөлөгчид нэг бус удаа мэдэгдэж байсан юм. “Apple” корпорацийн ерөнхийлөгч Тим Кук хэлэхдээ "цаашдаа өөр бусад өндөр технологийн төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдэнэ хэмээн найдаж байгаа, мөн Apple Music зэрэг сервисийн ашгийг нэмэгдүүлэх зорилт тавьсан" гэжээ.
О.Барс 

 

 

 

 


Холбоотой мэдээ