Ж.К.Юнкер: Турк улс цаазын ялыг сэргээвэл Европын Холбоотой хийж буй хэлэлцээ зогсоно

Дэлхийд | Улс төр
bars@montsame.mn
2017-05-11 11:38:24
БЕРЛИН./TASS/. Турк улс цаазын ялыг сэргээх аваас тус улсыг Европын Холбоонд элсүүлэх асуудлаар хийж буй хэлэлцээ зогсоно гэж Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкер “Handelsblatt” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Цаазын ялыг сэргээх нь “улаан шугам” болно. Энэ нь Европын цар хүрээ, Европын үнэт зүйлст харшилж буй зүйл” хэмээн тэрбээр хэлжээ.

“Цаазын ялтай болох аваас Европын Холбоонд Турк улсыг элсүүлэх асуудлаар хийж хэлэлцээг нэн даруй зогсооно” гэж Ж.Юнкер анхааруулсан байна. Европын Холбоо нь дэлхий даяар цаазын ялыг хориглохын төлөө тэмцдэг билээ.

4 дүгээр сарын 16-нд буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болсны дараа Туркийн Ерөнхийлөгч Э.Т.Эрдоган хэлэхдээ "Засгийн газрын тэргүүн Бинали Йылдырым болон сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөний намын дарга Девлет Бахчели нартай уулзаж, тус улсад цаазын ялыг буцаан хэрэглэх асуудлыг хэлэлцэх болно" гэж мэдэгдэж байсан юм. 
 
О.Барс 

 

Холбоотой мэдээ