Азийн Хөгжлийн банк Азербайжаны хийн ордын төсөлд 500 сая долларын зээл олгов

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2017-05-10 13:57:48
БАКУ. /TASS/. Каспийн тэнгисийн Азербайжанд харьяалагдах хэсэгт байдаг “Шахдениз” гэдэг байгалийн хийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхэд зориулан Азийн Хөгжлийн банк 500 сая долларын зээл олгохоор шийдвэрлэжээ.

Энэ талаарх гэрээг “Байгалийн хийн өмнөд коридор” хаалттай хувьцаат нийгэмлэг болон АХБ-ны хооронд Японы Иокогама хотод байгуулсан байна. Тус хотод АХБ-ны Удирдах зөвлөлийн жил тутмын хуралдаан болсон юм.

Гэрээний нөхцлийн талаарх мэдээллийг нууцалж байна. 

1,2 их наяд шоо метрийн нөөцтэй “Шахдениз” орд нь “Байгалийн хийн өмнөд коридор” гэдэг хоолойг ашиглан  Европын зах зээлд хий нийлүүлэх гол эх үүсвэр юм.

Үндэстэн дамнасан энэхүү нүсэр том төслийг хэрэгжүүлэхэд АХБ, Дэлхийн банк, Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын санхүүгийн томоохон байгууллагууд оролцож байна. Энэ төсөл нь Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хий нийлүүлэлтийг төрөлжүүлэх болон бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Баку хотоос Гүрж, Турк, Грек, Албаны нутгаар дамжин Италийн өмнөд хэсэгт хүрэх 3000 км урт “Байгалийн хийн өмнөд коридор” хоолойг тавихад 40 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ажээ.
Х.Сарнай 
.
Холбоотой мэдээ