Дөч голыг бохирдуулсан “Хөөсгөл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-08 16:56:43
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алт олборлогч “Хөөсгөл” компанийн үйл ажиллагааг зогсоов. Тус сумын удирдлага, Онон, Улз голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын сүүлчээр хамтран шалгалт хийх үеэрээ хууль бусаар алт олборлож, гол бохирдуулж байгааг тогтоожээ.
“Тухайн ААН-ийн үйл ажиллагаатай холбоотой олон асуудал байгаа учир бид аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтарсан тусгай ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. “Хөөсгөл” компанийн үйл ажиллагааг одоогоор зогсоогоод байгаа. Тус компани хууль бусаар хэр удаан ажилласан, байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учруулсан зэрэг нарийвчилсан бусад мэдээлэл шалгалтын дараа тодорхой болно” гэж Онон, Улз сав газрын захиргааны дарга Б.Баяртогтох ярив.
Дөч гол нь Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутаг дэвсгэрээр 250 км орчим урсаж Улз голд цутгадаг. Сүүлийн жилүүдэд голын ус үе үе татарч, гольдрил нь 7 км орчим эвдэрч, урсацад нь сөргөөр нөлөөлсөн байна. Одоогоос 2 жилийн өмнө сав газрынхан холбогдох байгууллагуудтай хамтарч гольдрилыг нь сэргээгээд байсан юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ