Улсад дарамт болсон алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудыг хувьчлах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 17:33:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор оролцож, төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниудын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Төрийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 160 аж ахуйн нэгж байгаагийн  94 нь алдагдалтай ажиллаж байгааг Ц.Ням-Осор мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Эдгээр компаниуд 2016 онд 105 тэрбум төгрөгийн орлого олж, 111 тэрбум төгрөгийн зарлагатай , зургаан тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллав. Түүнчлэн 48 тэрбум төгрөгийн өртэй байна.
 
КУДС, “Хөтөл цемент” дэхь төрийн эзэмшлийн хувийг худалдаж, 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хөдөө аж ахуйн бирж, Монгол шуудан компаниудаас нэмэлт хувьцаа гаргаснаас 7.1 тэрбум төгрөгийг компанийн үйл ажиллагаа, технологийг сайжруулахад зарцуулсан байна. 2015-2016 онд хувьчлахаар тусгасан зарим аж ахуйн нэгжүүдийг хувьчилж чадаагүй. Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Тухайлбал, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн нээлттэй дуудлага худалдаанд цөөн хүн оролцсон. Мөн үнэт цаасны эрэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлахад ихээхэн цаг хугацаа шаардагдсан” гэлээ.

Мөн тэрбээр, “2017-2020 онд өмч хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, холбогдох яам, агентлагуудаас санал авч, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төсөлд найман байгууллагыг бүрэн хувьчлах, таван байгууллага дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах, гурван байгууллагын бүтцийг өөрчлөн байгуулах талаар тусгасан. Засгийн газраас шийдвэр гараагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна” хэмээв.

ТӨБЗГ-ын даргын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Хүн бүр гар утсаараа дамжуулан хоорондоо харилцдаг болсон тул “Монголын цахилгаан холбоо”-г нэн даруй хувьчлах хэрэгтэй. Цаашдаа хувийн хэвшлийн хийж байгаа ажил руу төр ордгоо болих хэрэгтэй. Хөдөө аж ахуйн биржийг байгуулахад арьс ширний үнэ унагасан гэдэг. Энэ мэт гай болж байгаа төрийн компанийг хувьчлах ёстой. Төрийн орон сууцны корпорацийг ч татан буулгах ёстой” гэлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Төрийн зохицуулалтгүй эдийн засагтай улс хаана ч байхгүй. Манай улс зохицуулалт хийхдээ хэтэрхий гүн орсон. Үүнийгээ засах ёстой. Төрийн өмчийн компанид чадваргүй боловсон хүчин “шахаж” оруулах асуудал байдаг. Энэ менежментийг өөрчлөх шаардлагатай. Монголын эдийн засагт төр, хувийн хэвшлийн холимог тогтолцоо хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, боловсон хүчнээс эхлээд бусад шахаанд хувийн хэвшил хяналт тавина гэсэн үг” гэлээ
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ