Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 16:37:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар О.Баасанхүү гишүүний өргөн мэдүүлсэн "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, олборлолт зогсох үед үүнийг дагасан байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудлаас гадна Эрдэнэт  хотын хүн амын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хэрхэн зохицуулж шийдвэрлэх асуудал орхигдох юм. Зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т тулгуурлан хөгжиж буй уг хотын иргэдэд уурхай хаагдсан тохиолдолд аж амьдралаа залгуулах боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй хэмээн О.Баасанхүү гишүүн хэллээ.

Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр”-ээс авч буй татвар, хураамж нь зөвхөн улсын төсөвт төвлөрдөг. Эрдэнэт хотын иргэд, орон нутгт огтхон ч хүрэлцдэггүй. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаалтын үед тус хотын экологийн орчин, хүн амын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрэлээс хамгаалахад зарцуулах зорилго бүхий санг бий болгохыг Засгийн газар чиглэл болгох юм” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Эрдэнэт үйлдвэр” хаагдах болоогүй байна. Саяхан тогтоосон нөөцөөр 60 жил ажиллана. Энэ асуудлыг одооноос хэлэлцэх нь иргэдэд “Эрдэнэт үйлдвэр хаагдаж, бид амжиргаагаа залгуулж чадахгүй болох нь” гэсэн хоосон хардлага төрүүлэх тул түр хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Аливаа уурхайн хаалт, түүнийг дагасан нөхөн сэргээлт болон бусад асуудлыг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Одоогоор 40 хувьтай явагдаж байна. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх болно” гэв.

Мөн үеэр Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир нарын гишүүд зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг ганцаарчлан хэлэлцэх нь зохимжгүй тул УУХҮЯ-ны боловсруулж буй хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх нь зөв гэсэн санал хэлж байлаа. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжсэнгүй.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ