Эрхүү муж ойн түймэрт хамгийн ихээр өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-05-01 14:36:48

МОСКВА./Вести.ru/. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Буриадад дэгдсэн ойн түймрийн хамрах хүрээ хоёр дахин нэмэгдлээ. Сибирь даяар олон мянган га ой мод, олон арван тосгод шатаж байна.

Буриад, Эрхүү муж, Байгалын чанад дахь хязгаар /Зайбайкалье/ болон Красноярскийн хязгаарт онц байдал зарлажээ.

Цаг агаарын байдал нь үүссэн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хүчтэй салхитай байгаагийн зэрэгцээ +30 хэм хүрч халж байгаа юм. Их  гал түймэр хэд хэдэн тосгон болон үйлдвэрийн газруудыг хаман шатаажээ. Олон зуун хүн ажилгүй болсон байна.

Эрхүү мужийн тосгод гал түймрийн улмаас хамгийн их хохирол амсчээ. Олон арван тосгодын дээгүүр гал түймрийн утаа хэдэн хоногийн турш бүрхсээр байна.

Сансраас авсан зургийг үзвэл, өнгөрсөн нэг хоногийн дотор тус бүс нутагт 70 гаруй түймрийн голомт бүртгэгджээ. Хэдийгээр хүчтэй салхитай байсан боловч гал сөнөөгчид 30 орчим суурин газрыг галд нэрвэгдэх аюулаас хамгаалж чадлаа.

ОХУ-ын Онцгой байдлын яамны нисэх онгоцууд хүрэлцэн ирж, эхний нислэгүүдээ хийж байна. Харин усан дээр буугч Бе-200 нисэх онгоц гол, нууруудаас ус авч чадахгүй байна, учир нь гол мөрний гадаргуу мөсөөр хучигдсан хэвээр байгаа юм.

Онцгой байдлын сайд В.Пучков гал түймэрт хамгийн ихээр өртсөн Эрхүү муж болон Буриадын суурин газруудад хүрэлцэн очсон байна.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ