Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-01 13:31:55
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Румын улсын Яаши хотод зохион байгуулагдаж дөнгөж өчигдөрхөн буюу 4-р сарын 30-ны өдөр өндөрлөсөн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 2-р сургуулийн сурагч, 7 настай Д.Цэлмүүн аваргын алтан медаль хүртлээ.

Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клубын бяцхан тамирчин Д.Цэлмүүн дасгалжуулагч багш, спортын мастер, Олон улсын дасгалжуулагч Ө.Бат-Очирын хамт Сэлэнгэ нутгаа төлөөлөн энэхүү тэмцээнийг зорин явсан юм. Д.Цэлмүүний хувьд өмнө нь олон улсын тэмцээнд хоёр удаагаа оролцож өсвөрийн азийн аваргаас 3 удаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дэлхийн аваргын тэмцээнд анх удаа оролцоод ийнхүү алтан медаль хүртжээ. Бяцхан дэлхийн аварга маань нийтдээ 9 рөг тоглож, нэг хожигдож, 2 хожиж, 7 оноотойгоор энэхүү тэмцээний алтан медалийн болзлыг ханган "Дэлхийн аварга шатарчин " хэмээх өргөмжлөлийг хүртэж, дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол хангасан байна.
2005 оноос эхлэн зохион байгуулагдсан сурагчдын Дэлхийн Аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Монголын баг тамирчид өнөөг хүртэл 12 жилийн хугацаанд нийтдээ 8 алт, 7 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байгаа ажээ. 12 дахь жилдээ болж буй энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 25 өсвөрийн тамирчин оролцсон байна.
Сэлэнгэ аймгийн түүхэнд аваргын алтан медалийг хоёр дахь тамирчин хүтрэж байгаа бөгөөд өмнө нь 2010 он Турк улсад болсон тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тамирчин, Их мастер А.Энхтуул алтан медаль хүртэж байсан билээ.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ