Си: Монгол-Хятадын хамтын ажиллагаанд үзэсгэлэн чухал үүрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-26 12:59:43

ХӨХ-ХОТ. /Xinhua/. БНХАУ-Монголын анхны үзэсгэлэн худалдаа хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин баасан гарагт үзэсгэлэн худалдааны нээлтэд илгээсэн захидалдаа дурджээ.

Энэ үзэсгэлэн худалдаа БНХАУ-Монголын харилцааг илүү өндөр түвшинд хүргэж, Зүүн Хойд Азийн орнуудын хамтын ажиллагааг бүхэлд нь сайжруулах юм гэж Си Зиньпин илгээлтдээ дурдсан байна.

Хоёр орон хоорондын стратегийн иж бүрэн түншлэлийг БНХАУ өндрөөр үнэлдэг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилан БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг Монголын “Талын зам” төсөлтэй нэгтгэхэд бэлэн байна гэж Си Зиньпин мэдэгджээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ, Монгол-БНХАУ-ын стратегийн иж бүрэн түншлэл болон хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаанд энэ үзэсгэлэн худалдаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, иргэд хоорондын солилцоо болон худалдаа, эдийн засгийн нягт хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн бэхжиж, гүнзгийрч байна гэж БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун нээлтийн ажиллагааны үеэр мэдэгджээ.

Хоёр жилд тутам болох уг үзэсгэлэн худалдаа нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд болж буй солилцооны хамгийн том хөтөлбөр юм. Энэ жилийн уг арга хэмжээ ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод болсон бөгөөд Монгол, Орос, БНХАУ, Малайзын төлөөлөгчид оролцсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ