“Ховд-Инвест 2017” олон улсын хөрөнгө оруулагчдын форум 8 дугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-26 14:47:12
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч М.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 18,19,20-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Үрүмч хотод зохион байгуулагдсан “Алтай–Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр ажлын хуралд оролцлоо.
Тус хуралд БНХАУ-ын ШУӨЗО, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс, Алтайн хязгаар, Казакстан улсын Дорнод Казакстан муж, Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймаг зэрэг дөрвөн орны зургаан аймаг мужийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож, зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөө, дараагийн хоёр  жилийн даргалагч бүс, 15 дугаар хурлыг зохион байгуулах газар зэргийг хэлэлцэн баталсан юм.
“Алтай–Бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 14 дүгээр хурлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлж, тус хурлын шийдвэрт тусгах саналаа танилцуулан энэ оны төлөвлөгөөнд тусгуулан ажиллахаар болсон байна.
Мөн энэхүү хурлаар дараагийн ээлжит даргалагч бүс нутгаар Ховд аймгийг сонгож, зөвлөлийн 15 дугаар ажлын хурлыг 2018 онд Ховд аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь аймаг орон нутгаа олон улсад сурталчлан таниулах, Монгол Алтайн бүс нутгийн хөгжлийн гарц боломжуудыг танилцуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Хурлаар хэлэлцэн баталсан 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан 4 орны 6 аймаг, мужид зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний хүрээнд манай аймагт “Ховд-Инвест 2017” олон улсын хөрөнгө оруулагчдын форумыг 8 дугаар сард зохион байгуулахаар боллоо.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ