Архангай аймгийн номын сан дэлхийн номын өдрийг тэмдэглэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-25 17:48:56
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн номын сан мэдээллийн төвөөс цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд өнөөдөр уралдаан зохион байгууллаа. Энэ нь дэлхийн номын өдөр болон дэлхийн хүүхдийн номын өдөрт зориулсан уралдаан юм.

Уралдаанд цэцэрлэгийн насны хүүхдүүд Х.К.Андерсаны “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолтоор өрсөлдөж, “Ирээдүй” цогцолбор сургууль цэцэрлэгийн “Нугасны муухай дэгдээхэй” тоглолт түрүүлжээ. Харин ахлан ангийн сурагчдын дунд болсон “Ном уншихын ач холбогдол” эссэ бичлэгийн уралдаанд 1-р сургуулийн 11а ангийн сурагч Д.Ренчиндорж, Н.Лхагвабаяр, Ж.Отгонбаатар нар эхний гурван байрт оржээ. Номын сан мэдээллийн төвөөс явуулдаг арга хэмжээ бүрт идэвхтэй оролцдог Д.Ренчиндорж, Н.Лхагвабаяр нарыг "Тэргүүний уншигч–Д.Нацагдорж" тэмдэгтэн шагналаар шагнасан байна.

Өнөөдрийн уралдааны зорилго нь дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Дани улсын их зохиолч, дэлхийн үлгэрийн хаан Х.К.Андерсаний зохиол бүтээлийн сурталчлах, хүүхдүүдийг үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялуулах, тэдний сэтгэлгээ, уран чадвар, авьяасыг номоор дамжуулан тэлэх, ном уншихын ач холбогдлыг таниулах юм. Мөн энэ өдөр хүүхдийн номын өргөөнд дэлхийн үлгэрийн хаан Х.К.Андерсаны үлгэрийн номын үзэсгэлэн гарлаа.

Архангай аймаг дэлхийн хүүхдийн номын өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил ирэх тусам хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ