“Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрүүд батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-25 17:14:42
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжүүлэх “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1“ дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталлаа. “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн тухайд улсын хэмжээнд багш нар луу чиглэсэн анхдагч хөтөлбөр гэдгээрээ онцлог гэдгийг аймгийн БСУГ-аас онцоллоо.

Тус хөтөлбөр нь 2017-2020 онд хэрэгжинэ. Зорилго нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан багшийн хөгжлийг дэмжих, мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш нарын арга зүй технологийг олон нийтэд түгээх, сурталчлахад оршиж байгаа юм. 

Өнөөгийн багш нарт тулгамдаж байгаа аргазүйн техник болон багш болгон дээр чанарын шинэчлэлт хийж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж чадаж гэмээнэ сурагчдын сурлагын массын чанар дээшилнэ. Нөгөө талаар сайн хөгжиж чадсан багшийн арга зүй технологийг бусдад түгээснээр Архангай аймгийн боловсролын чанарт үр дүн гарна гэж үзжээ.

Харин “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийг спорт, урлагийн ямар нэг дугуйлан секцэд хамруулж, хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд нэг сургууль дээр дунджаар 20-25 дугуйлан хичээллэж болно гэж үзэж байгаа ажээ.

Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэгт 1351 багш, 24000 гаруй хүүхэд суралцдаг байна. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ