Францын сонгуулийн дүнд сэтгэл дундуур байгаа залуучууд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-25 09:57:53
ПАРИС. /Xinhua/. Өнгөрсөн ням гарагт болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүнд сэтгэл дундуур байгаа залуус Парис хотод хууль сахиулагчидтай мөргөлджээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар гурван хүнийг баривчилсан байна.

Ирэх сарын 7-нд болох хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөхөөр тунаж үлдсэн төвийг сахигч Эммануэль Макрон, хэт барууны үзэлт Марин Ле Пен нарын аль алиныг нь эсэргүүцэгч хэдэн зуун хүн өчигдөр Бастилийн талбайд жагсаал хийжээ.

Жагсагчдын зарим нь тээврийн хэрэгслүүдийг шатааж, цагдаа нар руу чулуу нүүлгэсэн байна. Цагдаа нар үүний хариуд нулимс асгаруулагч хий цацжээ. Жагсаалын үеэр хоёр хүн гэмтэж бэртсэн байна.

Террорист халдлага болохоос урьдчилан сэргийлэх үүднээс ням гарагт болсон сонгуулийн үеэр Франц даяар 50 мянган цэрэг, цагдааг хамгаалалтад гаргажээ.

Сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Парис хотын төвд Елисейн өргөн чөлөөнд нэгэн этгээд нэг цагдааг буудан хөнөөж, хоёр цагдааг шархдуулсан билээ. Энэ хэргийг тус улсын албаны хүмүүс “террорист халдлага” гэж тодорхойлсон юм.
 
Г.Доржханд




Холбоотой мэдээ