Монголын хөрсөнд Япон аргаар гурвалжин будаа тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-23 20:52:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Японы ард түмний идэх дуртай үндэсний хоол суба гоймонгийн гол түүхий эд болох дээд зэргийн чанартай гурвалжин будааг Сэлэнгэ аймгийн хөрсөнд тарьж ургуулах ажил эхэллээ.
Өнгөрсөн оны 10-р сард Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Япон улсын Шизуока мужтай газар тариалангийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичигт үндэслэгдсэн ажлын нэг бол Сэлэнгэ аймаг, Шизуока муж хоёрын хамтын ажиллагааны гол зорилго болсон газар тариалангийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гурвалжин будаа тариалах  ажил байлаа. Эл зорилгыг биелүүлэх ажлаар Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава, мөн  Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида, мөн мужийн ЗДТГ-ын газар тариалангийн албаны зөвлөх дарга Стимура Эрдэнэхатан, орчуулагч О.Хэрлэн нар хүрэлцэн ирж энэ сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.   
 
Япон улсын төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн удирдлагын баг хүлээн авч уулзсан юм. Уулзалтанд Сэлэнгэ аймгийн талаас ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар байлцлаа.
 
Сэлэнгэ аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлээс Монгол Улсын гурил, талх шууд хамааралтай байдаг. Сэлэнгийн ард түмэн Монгол Улсын үр тарианы 50-60 хувийг дангаараа ханган ажилладаг. Иймээс газар тариалан эрхлэгчидээ бүх талаар нь дэмжин ажиллаж, ахиц дэвшлийг бий болгохыг зорьж байгаагаа уулзалтын үеэр аймгийн дарга онцлон хэлсэн юм. Мөн тэрээр:”Манай аймаг бол газар тариалангийн гол бүс нутаг. Одоо бид мал аж ахуйгаа эрчимжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Бидний ярианы гол сэдэв болсон гурвалжин будааг Сэлэнгэ аймагт тариалах асуудал ажил болоод туршилтынхаа хэмжээнд ирсэн нь сайхан байна. Манай аймагт бидний ярьсан бүхнийг ажил болгож хэрэгжүүлэхээр ирсэн та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Сэлэнгэ аймагт тавтай морилоорой” хэмээлээ. Мөн уулзалтын үеэр Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава :-“Биднийг халуун дотно хүлээн авч байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Бид та бүхэнтэй гурвалжин будааг хамтарч тариална. Гурвалжин будааг тариад 09-р сард хураах хүртэлх хугацаанд 4 удаагийн давтамжтайгаар бид ажиллах болно. Япон улсын өндөр чанартай гурвалжин будааны үрийг Сэлэнгэ аймгийн хөрсөнд суулгаж, газар тариалангийн салбарын нэгэн тулгуур үйл ажиллагааг хэрэгжүүлж чадна гэж бодож байна. Ирэх 8-р сард Шизуока мужийн дарга Сэлэнгэ аймагт ирэх төлөвлөгөөтэй байгаа. Мужийн дарга маань гурвалжин будааны цэцэг дэлгэрэх үеэр тэрхүү талбайг үзэж сонирхохыг хүсч байгаа” гэлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Шизуока мужийн даргыг гурвалжин будаа цэцэглэх үеэр Сэлэнгэ аймагт тавтай морилохыг албан ёсоор урьж байгаагаа энэ үеэр дамжуулан хэлсэн.
 
Анхилуун үнэрт, дээд зэргийн гурвалжин будаа Сэлэнгийн хөрсөнд ургана
 
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хөрс Японы зах зээлд нийцсэн, өндөр чанартай, анхилуун үнэртэй гурвалжин будааг тариалахад маш тохиромжтой гэж Япон улсын газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд үзлээ.
Тэд Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Шимт бүрэн” ХХК, “Арвин хур” ХХК-ийн тариалангийн талбайгаар орж хөрстэй нь танилцан, техник тоног төхөөрөмжийг нь үзэж сонирхсон юм. Мөн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан ярилцаж, санал бодлоо солилцсон. Уулзалтын үеэр Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида Зүүнбүрэн сумын тариаланчдад Япон хүний идэх дуртай, Япон үндэсний хоолны нэгэн орц болсон суба гоймонгийн түүхий эд болсон амт чанартай, анхилуун үнэртэй гурвалжин будааг хэрхэн тарьж ургуулах арга технологийг зааж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ:”-Би та бүхэнд Японы зах зээлд гарах өндөр чанартай, Японы үндэсний хоол болох суба гоймонгийн гурил хийдэг гурвалжин будааг хэрхэн тариалах аргыг зааж өгөх гэж ирлээ. Харин олон жил тариа тарьсан туршлагатай, Сэлэнгийн тариаланчид гурвалжин будааг хэрхэн тарихаа надаар хэлүүлтгүй мэдэж байгаа. Иймээс зөвхөн Япон аргыг та бүхэн надаас сурах болно” хэмээн хэлсэн юм. Сэлэнгэ аймаг гурвалжин будааг анх удаа тариалж байгаа биш юм. Сэлэнгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Орхонтуул суманд өмнө нь гурвалжин будааг тариалж байсан түүхэн туршлагатай. Нэг онцлог нь гурвалжин будаа тариалаад борлуулалтын асуудал хүнд байдаг учраас тариаланчид нэг их тариалдаггүй байжээ. Гурвалжин будаа өөрөө хатуу хальстай учраас түүнийг хальснаас нь салгах тусгай үйлдвэр байгуулах ёстой аж. Энэ нь Монгол Улсад байдаггүй учраас гадаад зах зээлд гурвалжин будаагаа гаргахад өртөг ихтэй учир тариаланчдад ашиг муутай байдаг гэнэ. Иймээс гадаадын зэх зээлд борлуулах боломжоор аймгийн удирдлагууд бодлогын түвшинд анхаарч, шийдвэрлэж өгсөн учраас энэ ажлыг эхлүүлэхээр ийнхүү Япон мэргэжилтнүүдтэй хамтран гурвалжин будаа тариалах ажлаа Зүүнбүрэнчүүд эхлүүлээд байгаа юм. Энэ удаа хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсанаар Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийг түшиглээд туршилтын шугамаар 40 га талбайд Япон Улсад тариалж бэлтгэсэн үрээр гурвалжин будаа тариалахаар боллоо.  
 
Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ерөнхий мэргэжилтэн Ишикава:
 
Суба гоймонг идэхээсээ илүүтэй сайхан үнэрийг нь үнэрлэж, таашаал авдаг
 
-Таны зорьж ирсэн ажлын эхлэл өнөөдөр тавигдлаа гэж ойлгож байна. Өөрийн нүдээр харж, тариалах талбайтайгаа танилцлаа. Хамтарч ажиллах хүмүүстэйгээ ч уулзаж, санал бодлоо солилцлоо. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
 
-Сэтгэл маш өндөр байна. Зүүнбүрэн сумын хөрс гурвалжин будаа тариалахад маш тохиромжтой юм байна. Манай Японы будаатай ижил төстэй будааг ОХУ-аас оруулан ирж тарьж байсан туршлагатай компаниуд Зүүнбүрэн суманд ажиллаж байгаа юм байна. Би хамгийн гол нь дээд зэргийн чанартай гурвалжин будааг монголын хөрсөнд тарьж ургуулах ажлыг хамтарч хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцох. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Япон улсын Шизуока мужийн дарга нарын санамж бичигт үндэслэгдсэн ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Сэлэнгэ аймгийг бид зорьж ирсэн юм.
-Япон хүний идэх дуртай, тэр өндөр чанартай гурвалжин будааны онцлог юу байдаг юм бол. Манай хөрсөнд найдвартай ургана гэдэгт та итгэлтэй байна уу?  
-Суба буюу гурвалжин будааны гоймонд Япончууд маш их дуртай. Энэ бол Япон үндэсний хоолны нэг. Тэр будааг бид амталж идэхээсээ илүүтэй тэр таатай сайхан үнэрийг нь үнэрлэж, таашаал, тааламж авдаг. Суба гоймонг үйлдвэрлэхийн тулд маш өндөр чанартай гурвалжин будааг тариалах шаардлагатай байдаг. Энэхүү өндөр чанартай гурвалжин будааг энэ удаа трушилтын журмаар Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийг түшиглээд тарина. Энэ будаагаа 40 га газарт тариалах болно. Энэ удаагийн туршилтын тариалалт амжилтай болсоны үндсэн дээр дараа жил 10 дахин бүр 100 дахин ихийг тариалах боломжтой болно. Та бүхэнтэй нийлж өндөр чанартай гурвалжин будаа тариалж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Танд баярлалаа.
 
Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Ишида: Японы зах зээл дээр нийлүүлэх өндөр чанарын гурвалжин будааг тарих аргыг мэддэгээрээ би илүү
-Та өнөөдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын компаниудын үйл ажиллагаатай танилцаж, гурвалжин будаа тариалах талбайгаараа орж үзлээ. Энэ ажлыг гардан хийлцэх хүний хувьд сэтгэлд тань хэр нийцэв?
 
-Сэлэнгэ аймгийн бүс нутаг нь гурвалжин будаа тариалахад их тохиромжтой бүс нутаг юм байна гэж бид судалгаа хийсэн. Өндөр чанартай будааг ургуулахын тулд ажлын дараалалттай ажиллаж чадах юм бол маш амтлаг бидний хүсээд байгаа гурвалжин будаа ургах болно. Итгэж болно. Чанартай гурвалжин будаа тариалах юм бол тэр нь заавал Японы зах зээлд хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Иймд бид бүхэн төрийн зүгээсээ энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд тусламж өгч ажиллахаар зорьж ирээд байгаа. Сэлэнгэ аймаг, Шизуока муж хоёрын хооронд маш өндөр түвшинд гадаад харилцаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
 
-Өөрийн биеэр хамтарч ажиллах хүмүүстэйгээ уулзаж, санал бодлоо солилцлоо. Таны гол гүйцэтгэх үүрэг юу вэ. Зорьж ирсэн ажил тань амжилттай болно гэдэгт итгэлтэй байна уу?
-Миний мэдэж байгаа зүйл бол гурвалжин будаа тарих арга биш юм. Япон хүний идэх дуртай гурвалжин будааг яаж тарих вэ гэдэг аргыг хэлж өгөх юм. Түүнээс биш гурвалжин будаа тарих арга технологийг Сэлэнийн тариаланчид надаар заалгахгүй сайн мэддэг, туршлагатай юм байна. Японд гурвалжин будааг экспортлох үүднээс гурвалжин будааг хэрхэн тариалах вэ гэдэг технологийг хэлж өгнө. Ганцхан та бүхнээс ялгарах миний онцлог бол Японы зах зээл дээр нийлүүлэх өндөр чанарын гурвалжин будааг тарих аргыг мэддэгээрээ би илүү юмаа. Суба гоймонг тусгай ресторанд иддэг. Гурвалжин будаагаар гурил хийгээд түүнийгээ зуураад гоймон хийдэг юм. Түүнийг суба гэж нэрлэдэг. Субаг том ресторанууд их хэмжээгээр авч хоол хийдэг. Японы зах зээлд гаргах өндөр чанартай гурвалжин будааг нэг удаа тариад шууд амжилт авна гэхгүй ээ. 2, 3 түүнээс дээш жил тарьж чанараа улам дээшлүүлэх шаардлагатай болно.
-Гурвалжин будааг Япон улсад хэр их хэмжээгээр тарьдаг юм бэ. Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чаддагг уу. Үнэ ханш ямар байдаг талаар сонирхож болох уу?
-Би ханшийн талаар мэдээлэл өгье. Арвин ургац авахыг би хүсч байна. Японоос гадна Хятад улсад гурвалжин будаа тарьдаг. Хятадын зах зээлийн ханшаар гурвалжин будааны ханшийг шийддэг юм. Японд тарьдаг ургац энэ жил муу байгаа учраас ханш унасан. Хядад 80 хувь, Япон 20 хувь гэсэн харьцаагаар тариалдаг. Хятадын Өвөр монголд их тариалдаг. Хятадад үйлдвэрлэж байгаа чанараас шалтгаалж ханш өсөх буурах явдал гардаг. Хэрвээ Хятад улсад гурвалжин будааны гарц муудаад, чанар тааруухан байгаад ханш унах юм бол Японд мөн адил ханш унадаг.
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийг та бүхэн онцлон сонгож, энэ удаагийнхаа туршилтын тариалалтыг хийхээр болжээ. Үрээ та бүхэн өөрсдөө авчирч тарьж байгаа юу. Тариалалт хэзээнээс эхлэх вэ?
 
 -Монгол Улс нь газар тариалангийн салбарт маш их анхаарал тавьж, чин сэтгэлээсээ ажилладаг хүмүүс юм байна гэж би ойлголоо. Миний бие “Арвин хур” ХХК-ийн тариан талбай дээр очиж, мөн холбогдох тоног төхөөрөмжтэй танилцлаа. Бид бүхний бодож байсан, тавигдах бүх шаардлагуудыг хангах нөхцөл бүрдсэн байна. “Арвин хур” ХХК нь бидэнтэй хамтран ажиллах бүрэн боломжтой компани байна аа. Би үүнээс хойш 3 удаа дараалан ирж мэргэжлийн чиглэл өгөхөөр зорьж ирнэ. Та бүхэнтэй хамтран ажиллаж өндөр чанартай гурвалжин будаа тарьж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид тарих үрээ өөрсдөө авчирсан. Энэ үрийг Японы “Дайвон” ХХК гэрээний үндсэн дээр нийлүүлж байгаа. Энэ “Дайвон” ХХК-аас үрээ аваад Зүүнбүрэн сумын “Арвин хур” компанийг сонгон аваад ажиллаж байна. миний хувьд технологит хугацаанд нь тарьж, ургуулж хурааж авах зөвлөгөө өглөө. Одоо би 5-р сарын 19-нд дахин ирж гурвалжин будаагаа хөрсөндөө суулгаж тариалах ажлаа эхлүүлнэ.
-Та бүхэн ямар сортын үр авчирсан бэ. Ер нь га-гийн ургацаа хичнээн хэмжээгээр авна гэсэн урьдчилсан тооцоо байгаа вэ. Намар ургацаа хураахдаа ямар ханшаар авна гэж бодож байна. Гурвалжин будаа тариалахад арчилгаа хэр шаарддаг юм бол?
-Япон улсад тариалдаг хамгийн сайн сорт болох kitawase сортын үр авчирсан. Ерөнхийдөө 20-30 цн ургац авах болов уу гэсэн тооцоотой байгаа. Бид нэг кг-ыг нь 1200 төгрөгөөр авна. Гурвалжин будаа бол харьцангуй амархан ургадаг ургамал. Нэг их арчилгаа шаардахгүй, байгалийнхаа жамаар ургадаг, халуунд тэсвэртэй ургамал.
-Танд баярлалаа. Амжилт хүсье. 
 
 
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвдорж:
Хаана хаанаа эрсдэлээ хүлээгээд л тарина даа
 
-Япон Улсын зах зээлд гаргах дээд зэргийн чанартай гурвалжин будааг тариалах туршилтын ажлыг танай компанийг сонгон тариалахаар болсон байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Бидний хувьд их дуртай хүлээн авч байгаа. Өнөөдөр Монгол Улсад улаан буудай, рапс гэсэн хоёрхон л ургамал тарьж байна шүү дээ. Гуравдагч бүтээгдэхүүн гаргах сонирхол бидэнд байсан. Ер нь манай газар тариалангийн бүх компаниудад ийм бодол байдаг. Манай компани өмнө нь 5 жил гурвалжин будаа тарьсан. Гурвалжин будаа тарихад нэг хэцүү зүйл нь борлуулалт байдаг. Энэ удаагийн туршилтын тариалалтыг аймаг маань Японы зах зээлд “Дайвон”  компанитай нийлээд борлуулалтыг 100 хувь шийднэ гэж байна. Тийм нөхцөлд бид их баяртай хүлээн авч байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн улаанбуудайн үнэ 600-800 доллар байдаг. Гэтэл манай улсад улаанбуудайн үнэ 500 мянган төгрөг л байна ш дээ. Одоо бидний тарих гэж байгаа гурвалжин будааг Японы зах зээл дээр Зүүнбүрэнгийн нутаг дэвсгэр дээрээс шууд худалдан авах болзолтой тариалж байгаа. Ийм нөхцөлд бидний хувьд эдийн засгийн болон техник шинэчлэлт, нөгөө үр зээлээ дарах гээд маш их боломж гарч байна. Иймээс бид эерэгээр хүлээж авч байгаа.  Энэ гэрээний дагуу 40 га-д тариална. Энэ жил мэдээж туршилтын жил. Манай Сэлэнгэ аймгийн нөхцөл нь таарах нь уу гэдгээ харна. Энэ бүхнээс шалтгаалаад дараагийн асуудал яригдана байхаа.
-Өмнө нь танайх гурвалжин будаа тариалж байсан гэсэн. Ямар сортын будаа тариалж байв. Энэ жил өөр талбайдаа тариалах уу?
-Манайх өмнө нь ОХУ-ын татяна гэдэг сортыг тарьж орос руу, хятадын сортыг тарьж хятад руу гаргаж байсан. Ингэж борлуулахад хил гаалиас эхлээд хүндрэл их байсан. Гурвалжин будаа чинь өөрөө их хатуу хальстай байдаг. Үүнийг салгаж авах үйлдвэр манай оронд байдаггүй. Үүнээс болоод үнэ унах асуудал байсан. Энэ хүмүүс маань үтрэмийн нөхцөлөөр газар дээрээс нь хальстай нь авна гэсэн болзолтой байгаа. Энэ нь бидний хувьд дахиад нэг үйлдвэр байгуулах ч юмуу, өртөг нэмэх шаардлага байхгүйгээр шууд борлуулалт хийгдэх болж байна. Манай компани хятадын сортын гурвалжин будаагаа тарина. Энэ жил 800 га-д тариалахаар үрээ авчихсан байгаа.
-Туршилтын 40 га-д тариалах үрээ Японоос авчирсан гэсэн. Га-д хичнээн хэмжээгээр бодож тооцсон юм бол. Ямар талбайд тариалахаар болж байна даа?
-Энэ хүмүүс тарих үрийнээ дээжийг аваад ирсэн байна лээ. Нэгж га-д 40-50 кг орно гэж тооцсон байна. Манайх энэ туршилтын тариалалтыг усалгаатай талбайдаа тарья гэж бодсон юм. Гэтэл усалгаатай талбай маань 100 га-ынх байдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань 40 га-д тарина гэсэн болохоор эдийн засгийн хувьд тохирохгүй байгаа. Иймээс усалгаагүй, уринш хийсэн 40 га талбайд тариална гэсэн саналаа бид хэлсэн. Ингээд харилцан бие биенээ ойлголцож, цаашдын үйл ажиллагаагаа сайн явуулахын тулд хаана хаанаа эрсдэлээ хүлээгээд л тарина даа. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Энэ жил танай компани хичнээн га-д ямар ямар ургамал тариалах төлөвлөгөөтэй байна даа?
-Манай компани нийт 4000 гаруй га эргэлтийн талбайтай. Үүнийхээ 3000 га-д улаанбуудай, 800 га-д тосны ургамал тариалдаг. Энэ жилийн хувьд 800 га-д тосны ургамал, мөн 1000 га-д гурвалжин будаа, үлдсэн 2000 га-даа улаанбуудай тариалахаар төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөө 100 хувь хийнэ.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ