Завханд хөл бөмбөгийн идэрчүүдийн аварга шалгаруулах бүсийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-21 19:55:47
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн төвийн Улиастай хотын Спорт цогцолборт МХБХ-ны “Идэрчүүдийн 15, 17 насны Улсын аварга шалгуурлах тэмцээний баруун бүсийн тэмцээний нээлт өнөөдөр боллоо.
Тэмцээнд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Архангай, Баянхонгор аймгийн 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид оролцох ажээ.
Тэмцээнийг МХБХ-оос томилогдсон “Тэмцээн зохион байгуулах комисс” удирдах бөгөөд ОУ-ын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны тоглолтын дүрэм, Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны болон Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Тэмцээн зохион байгуулах журам”, “Сахилга бат, ёс зүйн түр дүрэм”-ийг тус тус удирдлага болгон зохион байгуулах юм. Шүүгчдээр Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн техникийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, шүүгч Р.Жаргалсайхан, Б.Цогбадрах, Г.Давхарбаяр, Г.Тэгшжаргал, Н.Буян-Өлзий, Т.Отгонбаяр нар ажиллах юм байна. “Идэрчүүдийн 15, 17 насны Улсын аварга шалгуурлах тэмцээн"-ий баруун бүсийн тэмцээн энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн үеэр Монголын хөлбөмбөгийн холбооноос Завхан аймагт стандартын шаардлагад нийцсэн, орчин үеийн хөлбөмбөгийн талбай байгуулж өгөх тухай мэдээллийг албаныхан дуулгалаа.
Дашрамд орон нутгийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг Завхан, Говьсүмбэр, Орхон аймагт ийнхүү нэгэн зэрэг эхлүүлээд байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ