Энэ хаврын тариалалт 5-р сарын 1-нээс эхэлнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-20 11:43:37
Архангайн /МОНЦАМЭ/. Архангай аймагт хаврын тариалалт 5-р сарын 1-нээс эхлэх гэж байна. Энэ жил Архангай аймаг 8040 га талбайд үр тариа, 100 га-д овьёос, 400 га-д малын тэжээл, 200 га-д тосны ургамал, 491 га талбайд төмс, 163 га-д хүнсний ногоо тариална.  Мөн 9600 га-д уринш хийх юм.

Намар хураалтаар 10828 тн үр тариа, 900 тн малын тэжээл, овьёос, 7358 тн төмс, хүнсний ногоо хурааж авна гэж төлөвлөжээ.

Аймгийн хэмжээнд үр тариаг 40-өөд аж ахуй нэгж, иргэн, төмс хүнсний ногоог 42 ААН, 12600 гаруй өрх тариалдаг байна. Энэ хаврын тариалалтанд шаардагдах шатахууныг 50 хувиар, үрийг 30 хувиар хөнгөлөн зээлээр олгож, үлдсэнийг нь намар ургацаас нь авахаар болжээ.

Архангай аймгийн газар тариалангийн бүс нутаг нь Төвшрүүлэх, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хотонт, Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг дэвсгэр ба төмс хүнсний ногоог сум болгонд тарьдаг байна.  

 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ