Зээлээ төлөхгүй байгаа иргэдийн нэрсийг “хар данс”-нд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-19 06:26:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Малжуулах зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрснээс 3 тэрбум 776 сая 530 мянган төгрөгийн өр үүссэн байна. Үүнээс Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөгдөөгүй, хугацаа хэтрэлттэй 1,4 тэрбум гаруй сая төгрөг байгаа бол Малжуулах зээлээс 358 сая төгрөг хугацаа хэтрэлтэй байна.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас бүх сумдад ажиллаж, 2014-2015 оны Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн баримтанд шалгалт хийхэд уг зөрчил илэрчээ. Өрийг барагдуулахын тулд Аудитын хорооны хурал, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, хуулийн байгууллагад хандаад байна.
Энэ тухай  Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Л.Хатанбаатараас тодруулахад “Нэг хэсэг хүн өөрийн амьжиргааг сайжруулах зорилгоор зээл авчихаад эргүүлж төлөхгүй байгаагаас шалтгаалан дараагийн хүнд зээл олгогдохгүй, бусад хүмүүсийг хохироогоод байна. Зээлийг хурдан төлүүлэх талаар арга хэмжээг авна. Хуулиар яваад болохгүй бол хэвлэл мэдээллээр нэрийг нь ил тод зарлах эсвэл Монгол банкны “хар данс”-нд оруулна. “Хар данс”-нд оруулчихвал тэр хүн бүх төрлийн зээлийг 5-10 жил авах боломжгүй болох учраас их хохиролтой тусна. Ийм байдалд оролгүйгээр зээлээ эргүүлж төлөөч ээ гэж хэлмээр байна” гэлээ.
Зээл эргэн төлөгдөхгүй, хугацаа хэтэрч байгаа шалтгаан нь зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, баримтгүй зарцуулсан, ашиг орлого олсон хэрнээ зээлээ төлөх ухамсаргүй байгаа зэрэг хариуцлагын асуудалтай холбоотой ажээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ