ОХУ-д “Анаконда” тусгай ажиллагаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-04-18 12:39:44
Улаанбаатар./МОНЦАМЭ/. Сүүлийн үед ОХУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядах үйл ажиллагаа олширч байна.

Тодруулбал энэ сарын 3-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд дэлбэрэлт болж 14 хүн амиа алдаж 55 хүн шархдсан аймшигт хэрэг гарсан. Энэхүү хэргийг амиа золиослогч 22 настай Акбаржон гэгч Киргиз гаралтай залуу үйлдсэн нь тогтоогдсон юм.

Түүнчлэн 4 дүгээр сарын 13-ны өдөр мөн л Санкт-Петербург хотын Васильевский Остров гэх газар дэлбэрэлт болж нэг хүн хүнд шархдан эмнэлэгт хүргэгджээ. Оросын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар гудамжинд хэвтэж байсан үл мэдэгдэх төмөр зүйлийг 17 настай Санкт-Петербургийн Техникийн Их Сургуулийн оюутан сонирхон барьж үзсэнээр тэсрэх бөмбөг идэвхжсэн байна. Улмаар залуугийн нэг гар тасран нөгөө гар нь шархаджээ.
 
Ийнхүү ОХУ-д алан хядах үйл ажиллагаа ихэсч буйгаас үүдэн тус улсын Цагдаа хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
 
Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-ын цагдаа, тагнуулын байгууллагууд хамтран энэ сарын 5-аас 5 дугаар сарын 11-н хүртэл нэг сарын хугацаатай “Анаконда” тусгай ажиллагааг эхлүүллээ. “Анаконда” ажиллагаа нь олон хүн цугларсан газруудад хяналт тавьж сэжиг бүхий хүмүүс, эд юмсыг нэгжин шалгаж, хот руу нэвтэрч буй авто машинуудад тусгай шалгалт хийхээрээ онцлог юм.
 
Энэхүү үйл ажиллагаа нь одоогоор ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод болж байгаа бөгөөд тус хотуудын нийтийн тээврийн хэрэгсэл болон нисэх онгоцны буудлуудыг ОХУ-ын цагдаагийн байгууллага хяналтандаа аван ажиллаж байна. 
 
Москва хот 
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ