2017 он түүхэн дэх хамгийн дулаан жил болох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-17 15:07:20
ВАШИНГТОН. /Futurism/. 2014 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж байв. 2015 болон 2016 он ч түүхэн дэх хамгийн дулаан жил болсон. Гурван жил дараалан түүхэн дэх хамгийн дулаан жилүүд болсон нь ч ховор тохиолдол юм.

Энэ зун мөн их халж, 2017 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүдийн буухиаг үргэлжлүүлэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд хэллээ.

Өнгөрсөн онд хэт халж, хуурайшсаны улмаас Канадын Альберта мужид ой хээрийн түймэр дэгдэж, 3.58 тэрбум долларын хохирол учирчээ.

Мөн Арктикт цаг агаар халж байгаагийн улмаас далайн түвшин хурдацтай нэмэгдсээр байна.

Байгаль орчин, агаарын температур өөрчлөгдөхөд хүргэж байгаа цаг уурын өөрчлөлт нь Австралийн “Их шүрэн далан”-гийн өнгийг хувирган цайруулж байна гэж эрдэмтэн судлаачид саяхан мэдэгдсэн билээ.

Гаитичууд бол уур амьсгалын өөрчлөлтийн хор нөлөөг хамгийн ихээр мэдэрч буй ард түмэн.  Өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсыг “Мэтью” хар салхи дайран өнгөрсний улмаас 600 орчим хүн амиа алдаж, 200 мянга орчим айл өрх орон гэргүй болсон юм.

Дэлхий даяар цаг агаар дулаарч, далайн түвшин нэмэгдсээр байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дорвитой арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг
цаашид улам ихээр мэдэрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Г.Доржханд
 


Холбоотой мэдээ