Туркменистаны Ерөнхийлөгчтэй Абэ эдийн засгийн түншлэлийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-23 13:14:28

МОСКВА. /RIA Novosti/. Албан ёсны айлчлал хийхээр Ашхабад хотод хүрэлцэн ирсэн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовтой баасан гарагт хэлэлцээ хийнэ. Энэ тухай Туркменистаны Гадаад хэргийн яам мэдээлжээ. 

Японы Засгийн газрын тэргүүн Туркменистан улсад анх удаа айлчилж байгаа юм.

Бердымухамедов болон Шинзо Абэ хэлэлцээ хийх үеэрээ хоёр орон хоорондын улс төрийн яриа хэлцээг үргэлжлүүлэх, Төв Азийн бүс нутгийн  аюулгүй, тогтвортой байдлыг хангах, мөн худалдаа-эдийн засаг, соёл-хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хөндөнө.

Туркменистаны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан багц  баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Туркменистаны эрх баригчид Япон улстай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Туркменистаны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг тус улсын Ерөнхийлөгч энэ сарын 20-нд болсон Засгийн газрын хурлын үеэр цохон тэмдэглээд Японы Ерөнхий сайдын удахгүй хийх айлчлал маш чухал болохыг онцлон тэмдэглэжээ.

Өндөр түвшинд хийх Туркмен-Японы хэлэлцээний гол сэдэв нь эдийн засаг байх бөгөөд эн түрүүнд түлш-эрчим хүч болон эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж шинжээчэд үзэж байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ