Манай улсад жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас бардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-10 15:36:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо. Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч буйг онцлов.

Тиймээс уг хурлаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, хоёр сарын аяныг зохион байгуулах шийдвэр гаргав. Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх талд анхаарч үе шаттай ажлууд хийхээр төлөвлөжээ.

Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс эхлэн 6 дугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах ажлыг зөвлөлийн хурлаар шийдэж байна. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргасан. Зам тээврийн осол буюу судлаачдын дунд “чимээгүй дайн” гэж нэрлэгдсэн бодит аюулаас иргэд, ялангуяа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал болоод байна" хэмээн анхаарууллаа.

Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат “2017 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд таатай байдлаар зорчуулах зорилгоор “Хариуцлага 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа гэлээ. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хоёр сарын аяны үеэр жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж хариуцлага тооцож ажиллана. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрэл дохиогоор гарах ёстой” гэж сануулав. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албаны олон нийтийн цагдаагийн асуудлыг шийдвэрлэж, тодорхой хэмжээний техник хэрэгслээр хангах төсвийг баталсан байна. 

Хуралд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ