Харааны бэрхшээлтэй ч суран эдлэл хийж өрхийн орлогоо бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-10 14:41:08

Архангай /МОНЦАМЭ/. Энэ хүнийг Б.Цэвээн -Очир гэдэг. Харааны бэрхшээлтэй болоод 10 гаруй жил болж байна. Архангай аймгийн Өлзийт суманд эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг нэгэн.

Тэрээр харааны бэрхшээлтэй гэж өөрийгөө голж, зүгээр суусангүй. Эхнэр Сайханжаргалын хамтаар сүүлийн 8 жил үхрийн ширийг уламжлалт гар аргаар элдэж, боловсруулж, ногт, чөдөр, хазаар, ташуур, олом, шуулт, ганзага гэх мэт бүх төрлийн суран эдлэл хийж, өрхийн орлогоо бүрдүүлдэг байна.

Б.Цэвээн-Очир өнгөрсөн оноос хоёр туслах ажилчин авч ажиллуулж байгаа бөгөөд ажилчдынхаа хамт хонь, хурганы арьсыг гандаж, жижиг оврын машинаар элдэж эхэлжээ. Цаашид хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх зорилгоор арьс махлах болон элдсэн нэхийгээ талхих барабантай болохоор зорьж, төсөл бичиж байгаагаа хэлж байлаа.

Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьж байгаа Архангай аймгийн хувьд энэ мэтчилэн үйлдвэрлэл эрхэлж эхлэх хүн цөөнгүй байгааг ХХААГ-ын дарга П.Гомбодорж хэлж байв.  

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ