“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2017-04-07 17:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд тавих хяналт, үнэлгээ” сэдвээр голлон хэлэлцсэн бөгөөд оролцогчид багт хуваагдан Сендайн мониторингийн хэрэгжилтэд Азийн улс орнууд болон түншүүдийн оролцоо, санал хүсэлтийг авахад оршиж байна. “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал-2018”-ын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, багуудын хамтарсан зөвлөмж гаргах юм. 2017 оны 05 дугаар сард Мексик Улсын Канкун хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдлийг бууруулах Дэлхийн платформд энэ удаагийн Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурлаас гаргасан зөвлөмж, үр дүнг танилцуулахаараа ач холбогдолтой юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар бүсийн улс орон, олон улсын байгууллагууд тус платформд хэрхэн оролцох талаар төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн 2016 онд Энэтхэг Улсын Дели хотноо болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар хуралдаанаас гаргасан Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийг  энэ хурлын үеэр ярилцлаа.

Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” амжилттай болж өнөөдөр өндөрлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ