"Цэвэр Булган-Цэмцгэр Хангал" аян хагас жил үргэлжилнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2017-04-06 18:05:08

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд зарласан "Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аяны дагуу  Хангал суманд "Цэвэр Булган-Цэмцгэр Хангал" аяныг 6 сарын хугацаанд зохион байгуулахаар болжээ.

-Уг аяныг орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл орчинд амьдрах нөхцлийг хангах, нийтийн эзэмшлийн талбай болон эзэнгүй хог хаягдлыг арилгах иргэд, олон нийтийг хогоо зориулалтын саванд хийж, зөвшөөрөгдсөн цэгт хаядаг дадал зуршил бий болгоход чиглэсэн зорилготой зохион байгуулж байгаа юм гэж сумын ИТХ-ын дарга Х.Өнөрцэцэг мэдээллээ.

Аян үргэлжлэх 6 сарын хугацаанд хог хаягдлыг зайлуулахаас гадна бүх нийтээрээ мод тарих, сумын төвийн айл өрхүүдийг нэгдсэн стандартын хаягтай болгох, төв суурин газрын ариун цэврийн байгууламжийг ариутгах, голын ай сав дагуух газруудыг цэвэрлэх, үхсэн малын сэг зэмийг устгах юм.

"Цэвэр Булган-Цэмцгэр Хангал" аяны нээлтийн өдөр сумын төвийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид нийтийн хог цэвэрлэгээ хийсэн байна. Төрийн бус байгууллагаас н.Энх-эрдэнэ тэргүүнтэй сумын Залуучуудын холбоо идэвхитэй хамтран оролцжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ