Төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-06 15:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж байна. Манай улс ОУВС-тай хамтарч ажиллахаар тогтсон. Энэ хүрээнд Засгийн газар ОУВС-гаас тавьсан гурван шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээгээд буй. Үүний нэг нь төсвийн тодотгол тул өнөөдрийн дээрх хэлэлцүүлгийг хийж буй.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, “Иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах нь зөв үү" гэсэн асуудлыг тодруулав. Эл асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн,  “Бүх хадгаламжийн хүүнд татвар ногдуулахаар төсөлд тусгасан. Хадгаламжийн хүүгийн татварыг эргэж харж болох уу гэж асууж байна. Төсвийн байнгын хороон дээр асуудлыг ярих үед босго тогтоох асуудлыг ярьж болох байх” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Нэмэгдүүлэх 7 татварын нэг нь л иргэдэд нөлөөлнө гэсэн хариултыг Ерөнхий сайд өгч байх юм. Гэтэл бензин шатахууны үнэ нэмэхээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Мөн иргэд тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна. 40  жил шимтгэл төлчихөөд 4 жил тэтгэвэр авна гэсэн үг үү” хэмээн асуусан.

Үүнд нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Хэн хэзээ яагаад ийм байдалд хүрснийг иргэд мэдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн тухай яриад байвал ярихаар байна. Аргагүй эрхэнд тодотголыг оруулж ирлээ. Одоо бодлогын өөрчлөлт хийх цаг нь болсон байна” гэсэн тайлбар хийсэн бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, "Шатахууны татвар гэдэг бол өмнө нь байсан татвар. Засгийн газраас хоёр удаагийн шийдвэрээр татварыг буулгасан байсныг ОУВС буулгаж болохгүй гэсэн тул өмнөх түвшинд нь авчирч байна. Архи тамхи болон онцгой хэрэглээнд татвар ногдуулахаар болсон. Илүүдэл хэрэглээнээс татвар авах  юм” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, зарим асуудлыг тодруулж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ