Хэнтийн Нэгдсэн эмнэлэг шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
odontungalag@montsame.mn
2017-04-04 15:46:45

Хэнтий /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 16,5 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж, өнөөдөр нээлтээ хийсэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээр жилдээ 75 мянган хүн үйлчлүүлэх боломжтой аж.

Тус эмнэлгийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа томографын аппарат болон Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвд тусламж үйлчилгээний авто машиныг шийдэж өгөхөө мэдэгдэн батламж гардууллаа. Мөн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Эрүүл мэндийн яам, аймаг орон нутгийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм.

Шинэ эмнэлгийн барилга нь бүхэлдээ нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон 4 үндсэн блок, дагалдах уурын зуух, дизель генератор, дэд станцаас бүрдсэн бөгөөд 345 өрөө бүхий 12.5 мянган мкв талбайтай юм. Түүнчлэн гадна талдаа 3200 мкв явган хүний зам, стандартын авто зогсоолыг цогц байдлаар шийджээ.

Энэхүү барилга нь газар хөдлөлтийн 6 баллын үйлчлэлд тэсвэртэй төмөр бетон бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Хар чонот” ХХК ажилласан байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ