Хог хаягдлыг түүхий эд болгон ашиглах талаар судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ НҮБ-ын “Байгаль орчны хөтөлбөр”-ийн зохицуулагч Махеш Прадхан, уг хөтөлбөрийн Монгол Улсын зөвлөх Д.Дагвадорж нар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Т.Ганболд болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийв.
Уулзалтаар хог хаягдлыг тээвэрлэж ялган ангилж хоёрдогч түүхий эд болгон ашиглаж үр ашгийг нь нэмэгдүүлж түүнийг дагасан ажлын байр бий болгох зэрэг хог хаягдлын цогц менежмент боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо. Хөтөлбөрийн зөвлөх Д.Дагвадорж: “Хог хаягдлын асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийн нэг. Энэ ч утгаараа өндөр хөгжилтэй орнууд нэгдэж “Уур амьсгалын ногоон сан”-г байгуулсан. Уг сангаас хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд эерэгээр нөлөөлж сул талыг нь давуу тал болгон ашиглах шийдэл бүхий санаачлага, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж санхүүжүүлэхдээ нэг төсөл хөтөлбөрт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийдэг” гэв.
НҮБ-ын “Байгаль орчны хөтөлбөр”-ийн төлөөлөгчид уг төслийн баримт бичгийн боловсруулалт, суурь судалгааны ажил хийж байгаатай холбогдуулж тус аймгийн хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг “Сан-Оргиу” ХХК, Дархан хотын “Нэгдсэн Хогийн цэг”, “Төв цэвэрлэх байгууламж” болон энэ онд нээлтээ хийсэн 10 Мвт хүчин чадал бүхий “Нарны цахилгаан станц” зэрэг үйлдвэр байгууллагуудын ажилтай газар дээр нь очиж танилцав. Тэд уг төслийн суурь судалгааны ажлаар энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулах уулзалтын үеэр олон улсын хөрөнгө оруулагчдыг Дархан-Уул аймагт ирүүлж хогийн цэгтэй танилцуулахаар боллоо.
Б.Норовсамбуу