Умард Солонгосыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтанд буцаан оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-30 11:39:30

АСТАНА. /КАЗИНФОРМ/. АНУ-ын Конгрессын гадаадын хэргийн асуудал эрхэлсэн хороо Умард Солонгосыг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтанд оруулах тухай хуулийн төслийг 100 хувийн саналаар дэмжлээ.

“Одоогийн хэрэгжиж буй хоригуудыг чангатгахаас эхлэх нь зүйтэй” хэмээн Бүгд Найрамдах намаас сонгогдсон Эд Ройс хэлжээ.

Өмнө нь БНАСАУ-ын зүгээс аюултай өдөөн хатгалгуудыг хийсний учир хариу арга хэмжээ авах тухай асуудлыг Төрийн Департамент хэлэлцэж байна гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Дашрамд дурдахад, 1987 онд Абу-Даби-гаас Бангкок руу нисч явсан Өмнөд Солонгосын зорчигч тээврийн нисэх онгоцны бүхээгт дэлбэрэлт болсноос хойш Умард Солонгосыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтанд оруулсан юм. Уг алан хядах ажиллагааг Умард Солонгосын тусгай албаныхан үйлдсэн бөгөөд тэд цагийн механизмтай бөмбөгийг онгоцонд тавьжээ.

2008 онд АНУ-ын засаг захиргаа Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд оролцсон БНАСАУ-ыг урамшуулан дэмжиж буйн илрэл болгож тус улсыг дээрх жагсаалтаас хасч байжээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ