Мадейра арлын нисэх онгоцны буудлыг Роналдугийн нэрэмжит болгоно

Дэлхийд | Спорт
bars@montsame.mn
2017-03-27 12:01:36

МОСКВА./TASS/. Португалын Мадейра арлын нисэх онгоцны буудлыг тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин, Испанийн “Реал” клубын тоглогч Криштиан Роналдугийн нэрэмжит болгох ёслолын ажиллагаа 3 дугаар сарын 29-нд болно. Энэ тухай Daily Mail сонинд мэдээлжээ.

Тус нисэх онгоцны буудлыг өөрчлөн нэрлэх тухай өнгөрсөн оны зун зарлаж байсан бөгөөд “Мадейра Криштиан Роналдугийн нисэх онгоцны буудал” гэж нэрлэх юм. Арал дээр мөн хөлбөмбөгчний музей, түүнд зориулсан хөшөө баримал байдаг ажээ. 

Баасан гарагт тус нисэх онгоцны буудлын барилгын нүүрэн талд Мадейра арлын уугуул оршин суугч Роналдугийн зураг бүхий шинэ сүлд тэмдгийг байрлуулна. 

Гэтэл нисэх онгоцны буудлын нэрийг өөрчлөх болсонд дургүйцэх хүмүүс ч олон байгаа аж. Тухайлбал, Португалын орон нутгийн захиргааны байгууллагуудын департаментын гишүүд сэтгэл дундуур байгаагаа нуусангүй, учир нь тэдний үзэж байгаагаар, орон нутгийн эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Үүнээс гадна, Мадейра арлын 5 мянга орчим оршин суугчид нисэх онгоцны буудлын нэрийг өөрчлөхийг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсгээ зуржээ.

Дээрх шийдвэр нь нисэх онгоцны буудлыг хөлбөмбөгчний нэрэмжит болгосон анхны тохиолдол биш юм. Урьд нь Белфастын нисэх онгоцны буудлыг Английн “Манчестер Юнайтед” клубын тоглогч Жорж Бест-ийн нэрэмжит болгосон юм.

О.Барс 

 


 

Холбоотой мэдээ