Олимпын аварга О.Ривз гурван дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-09 16:54:50

ФЁРДЕ, 2025 оны аравдугаар сарын 9 /IWF/. АНУ-ын тамирчин, Олимпын аварга Оливиа Лин Ривз хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эмэгтэйчүүдийн 77 кг-ын жинд гурван алтан медаль хүртэж, дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. 


2024 оны Парисын Олимпын 71 кг-ын жинд түрүүлсэн 22 настай О.Ривз 30 оролцогчийн дундаас хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж, огцом өргөлтөөр 123 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна. Улмаар түлхэлттэй өргөлтөөр 155 кг-ыг, нийлбэр дүнгээр 278 кг-ыг өргөснөөр аль алинаар нь дээд амжилтыг эвджээ.


Харин Египетийн тамирчин Сара Мухаммед Ахмед огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг буюу нийт 252 кг-ыг өргөснөөр гурван мөнгөн медалийн болзол хангасан байна. Колумбийн тамирчин Мари Санчес огцом өргөлтөөр 112 кг, нийт 248 кг-ыг өргөж, хоёр хүрэл медаль хүртжээ. Харин АНУ-ын Марта Анн Рожерс түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөснөөр гуравдугаар байр эзэлсэн байна.


Дүрвэгсдийн багийг төлөөлж буй 20 настай Йекта Жамали 108-130-238 кг-ын амжилтаар огцом өргөлтөөр тавд, нийлбэр дүнгээр наймдугаар байрт тус тус шалгарчээ. Пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 86 кг, эрэгтэйчүүдийн 94 кг-ын жингийн тэмцээнүүд болох бөгөөд Норвегийн тамирчин, Олимпын аварга Солфрид Коанда эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх төлөвтэй байна.


Норвегийн Фёрде хотноо зохион байгуулж буй Олон улсын хүндийн өргөлтийн холбооны /IWF/ ДАШТ-д дэлхийн 87 улс орон, бүс нутгийн 477 тамирчин оролцож байгаа ажээ. Тэмцээн энэ сарын 2-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ