АНУ Энэтхэгтэй батлан хамгаалахын салбарын харилцаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-25 16:27:02

ВАШИНГТОН. /TASS/. Дональд Трамп тэргүүтэй АНУын шинэ засаг захиргаа Вашингтон, Шинэ-Дели хооронд батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо цаашид бэхжүүлэх бодолтой байна. Энэ тухай баасан гарагт Америкийн нийслэлд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Энэтхэгийн Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал-тай уулзах үеэр мэдэгджээ.

“Олон улсын аливаа харилцаа нэг хэвэндээ байгаад байна гэж байдаггүй. Харилцаа нь уналтанд орох эсвэл бэхжин батжиж байдаг. Тиймээс та бид харилцаагаа улам батжуулан бэхжүүлж, жилээс жилд улам бүр баталгаатай болгох хэрэгтэй байна” хэмээн Пентагоны тэргүүн хэлжээ. Түүний үзэж байгаагаар, Энэтхэг, АНУ хоёрт “аюулгүй байдлын салбарт олон нийтлэг эрх ашиг мөн олон нийтлэг бэрхшээл байгаа” ажээ. 

А.Довал мөн өөрийн зүгээс АНУ, Энэтхэг хоёр “онцгой харилцаатай” улсууд гэсэн бодлоо илэрхийлжээ. Хэрвээ талууд эдгээр харилцаагаа цаашид бэхжүүлэхийг хүсч байгаа бол “үе шаттайгаар” сайжруулах хэрэгтэй гэдэгт тэрбээр итгэлтэй байгаагаа хэлжээ. Түүний үзэж байгаагаар, “Энэтхэг, АНУ-ын” голлох үнэт зүйлс тун их ижил төстэй” аж.

Пентагоны хэвлэлийн албаны мэдээгээр, Мэттис Довал хоёр “олон улсын хууль, зарчмыг сахиулахад чиглэгдсэн хоёр орны хамтын ажиллагааны үүргийн” талаар ярилцжээ. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал, терроризмтой тэмцэх өргөн хүрээний асуудлаар АНУ, Энэтхэг улс хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн байна.

О.Барс

Холбоотой мэдээ