Дэд хөтөлбөрүүдийг ТББ, Иргэний нийгмийн зөвлөлүүдтэй хамтран хэрэгжүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2017-03-23 18:49:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ хамтарч хөтөлбөр, төслүүдийн үр дүнг дээшлүүлэх сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт Иргэний Танхимын дарга А.Янжмаа, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Хяналт-Шинжилгээ, Үнэлгээ, Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан нар болон тус аймагт ажилладаг Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, Дархан сумын иргэдээс бүрдсэн 110 гаруй хүн оролцлоо.

“Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийг Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлэг, ЗДТГ-ын “Нээлттэй утас” олон нийтийн уулзалт, ярилцлага зэргээр дамжуулж 4000 гаруй иргэдийн саналыг авч тусгажээ. Хөтөлбөр нь иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх үндсэн зорилгынхоо хүрээнд боловсруулагдаж батлагдсан юм. Уг хөтөлбөрт шинээр хэрэгжүүлэхээр 15 дэд хөтөлбөр, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх долоон дэд хөтөлбөр, дөрвөн төсөл тусгагджээ. Тухайлбал нийгмийн салбарт “Хүний хөгжил”, “Эрүүл Дарханчууд”, “Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг”, “Залуучуудын боловсрол, хөгжил”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Спортлог Дарханчууд”, “Багшийн хөгжил”, мөн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр “Ухаалаг Дархан”, “Иргэний эрх зүйн боловсрол”, “Эрүүл хот”, “Ногоон хувьсгал”, “Миний гэр-Манай байр”, “Өсвөрийн байгаль хамгаалагч”, “Дархан үр”, “Шувууны аж ахуй”, “Гахайн аж ахуй”, “Зөгийн аж ахуй” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд болон Орхон кластер”, “Жишиг хороолол”, “Тохилог хороолол”, “Бордоо” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж баталгаажуулж эхэлсэн бол хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой хэмжээний төсвийг аймгийн ИТХ-ын Хуралдаанаар батлах юм. Тиймээс дэд хөтөлбөрүүдийг Төр дангаараа хариуцаж хэрэгжүүлэх бус ТББ, Иргэний нийгмийн зөвлөлүүдийг  оролцуулж хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Монгол Улсын хэмжээнд 8000 гаруй ТББ бүртгэлтэй байдгаас 450 гаруй нь тус аймагт бүртгэлтэй байдаг байна. Үүнээс Улсын бүртгэлд 398, Татварын газарт 43 ТББ нь сар бүр тайлан тэнцлээ гаргаж тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн үеэр оролцогч ТББ-уудын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга А.Янжмаа: Манай танхим нь 2017 оны эхний хагас жилд Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээ зохион байгуулж байна гээд “Энэ удаагийн хэлэлцүүлэг илүү өргөн цар хүрээг хамарч байгаагийн зэрэгцээ Иргэний нийгмийн байгууллагууд төртэй болон хоорондоо санал солилцож цаашид хамтарч ажиллах өргөн боломж нээгдэж байгаа нь онцлог юм” гэв. Эцэст нь хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж энэ сарын 24-ны баасан гарагт болох “Төр, Нийгмийн түншлэл-2017” нэгдсэн зөвлөлгөөнд танилцуулсны дараа аймгийн Засаг дарга Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах аж.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ