Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-20 14:24:27

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгох шийдвэр гарчээ. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн ОБГ-аас Архангай аймгийн хэмжээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг энэ оны 3-р сарын 23-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулахаар болсон байна.

Тус өдөр гамшгаас хамгаалах албад, ААН, байгууллага, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр сургалт, дадлагажилт зохион байгуулах юм. Мөн шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулж, бэлэн байдлыг шалгаж, үнэлэлт өгөх ажээ.

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн санаачилгаар 2017 оныг “Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчин бий болгох” жил болгох үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ