Уурхайн зохисгүй үйл ажиллагаа иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2017-03-17 14:04:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй албаны хүмүүс пүрэв гарагт ХУД-ийн 13 дугаар хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

Уулзалтын эхэнд тэрбээр “Олон тэрбум төгрөгний зээлийг төсвөөс гадуур зарцуулсан улс төрчдөд хуулийн хариуцлага хүлээлгэх ажлыг МАН хийж байна. Мөн ахмадууддаа “Насны хишиг” тэтгэврийг жилд хоёр удаа олгох шийдвэр гаргасан. Манай улсын өнөөгийн эдийн засаг хүнд байдалтай байгаа учир гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлж ажлын байр бий болгох шаардлагатай байна” гэдгийг онцлов.

Хорооны ард иргэдийн санал хүсэлтийг сонсож тэдний асуутанд хариулсаны дараагаар 26 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш нарын нийгмийн халамжийг сайжруулж сургуулийн их засварын ажил, мөн сургууль, цэцэрлэгийн дутуу баригдсан барилгыг дуусгаж ашиглалтад оруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг сургуулийн багш нар хүсч байлаа.

Үүний дараа сайд Д.Оюунхорол, ХУД-ийн 13 дугаар хороо буюу Туул тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хайрганы ил уурхайн нөхцөл байдалтай танилцав. Хайрга олборлолтын үйл ажиллагаа эрхлэгчид олборлосон хайргаа Туул тосгоны төв дундуур зөөвөрлөдгөөс үүдэн тоос шороо ихээр үүсдэг. Цаашлаад малын бэлчээр хүртэл устаж үгүй болж байгаа. Мөн Туул тосгоны төвд айлын хашаан дотор хайрга олборлодог, өдөртөө 400-500 машин хайрга тосгоны төвөөр дайран өнгөрч байдгийг иргэд хэлж байв. Сайд энэ асуудлаар хорооны иргэдэд тайлбарлан уурхайн үйл ажиллагааны доголдлыг арилгахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Уулзалтын төгсгөлд “Бид өнөөдөр ХУД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирж иргэдийн амьдралтай танилцлаа. Энэ хорооны нутаг дэвсгэрт хайрга олборлолт хийснээр нүд хальтрам дүр зураг харагдаж байна. Хариуцлагагүй уул уурхайгаас болж иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин байхгүй болжээ. Мал бэлчих газаргүй, ундны цэвэр усгүй болсон байна. Эхний ээлжинд яаралтай ажлын хэсэг байгуулж, энд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газрын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эхлүүлэхээр боллоо. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэж байгаа нэрийдлээр иргэд, нийтийн эрх ашгийг хохироосон энэ үйлдлийг таслан зогсооно. Дан ганц үйл ажиллагааг нь зогсоох бус байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг шаардана” гэлээ.

Б.Гаваа

Холбоотой мэдээ