Газар хөдлөлтийн үед ашиглах түр цуглах талбайд барилга барихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-03-16 16:47:19

Манай улс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй боллоо.

Уг өдрийн хүрээнд өнөөдөр Шадар сайд, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүх нийслэл болон зарим яамдын зүгээс газар хөдлөлтийн эсрэг хийж буй ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 28 мянга шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар шилгээсэн байна. Иймд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт гамшиг тохиолдсон үед иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах дадалтай болоход олон нийтийг сургах нь нэн тэргүүний зорилт хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ үеэр хийсэн мэдээлэлдээ, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийг нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Салбар зөвлөлөөс нийслэлийн хэмжээнд буй 35 мянган нийт орон сууцанд газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийх ажлыг эхлүүлсэн. Үүнээс 566 барилгад үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 319 барилгаас 172-т нь мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт үйлдсэн байдаг. Иймд 98 барилгыг нурааж дахин төлөвлөн шинээр орон сууц барихаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 31 нь барилгад дахин төлөвлөлт хийлээ. Одоо 58 барилгад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байна. Энэ мэтээр ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг нураан дахин барилгажуулна. Өнөөдрийн байдлаар дахин ашиглах боломжгүй 3 барилгыг нурааж, 287 айлын орон сууцыг иргэдээ хүлээлгэн өгөөд байна.  

Хоёрдугаарт нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түр цуглах талбайг дахин тодотгож, 47 байсныг нэмэгдүүлж 100 гаруй түр цугларах талбайг бий болголоо. Эдгээр талбай дээр ямар нэгэн орон сууц, оффис барихгүй. Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэд цуглардаг байх юм. Нүүлгэн шилжүүлэх байршил 24 байсныг 31 болголоо. Мөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эсрэг иргэдийн ойлголтыг сайжруулах сургалтыг 1000 хүн дунд зохион байгууллаа. Төслөөр 2018 он гэхэд 12 мянган иргэнд сургалт зохион байгуулна” хэмээв.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр энэ үеэр “Аюулгүй цэцэрлэг, аюулгүй сургууль” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан. Тэрбээр, “Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй сургууль, 1200 гаруй цэцэрлэгт гамшгийн эрсдлийн судалгааг хийж байна. Одоогийн байдлаар бол 1970-аад оноос өмнө баригдсан сургууль цэцэрлэгүүдийн барилгыг эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 100 гаруй барилгыг нураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хоёрдугаарт гамшгийн эрсдлийн тухай багш сурагчдыг мэдээлэлтэй болгоход анхаарч ажиллаж байна" гэв.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын тушаалаар нийслэл хот болон 21 аймагт салбар зөвлөл ийнхүү ажиллаж эхэлсэн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ