Д.Өнөрцэцэг: Ургамал хамгааллын бодисын импортод төр хяналт тавьдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-16 01:30:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Өнөрцэцэгтэй ярилцлаа.

-Хаврын тариалалт ойртож газар тариалангийн компаниуд өдийд гадаадаас ургамал хамгааллын бодисыг багагүй хэмжээгээр захиалж авдаг гэж сонссон. Дархан-Уул аймаг жилд хэдий хэмжээний ургамал хамгааллын бодис оруулж ирдэг вэ?

-Дархан хот дахь Гүний Гаалийн хяналтын талбайгаар 2015-2016 онд нийт 3409,9 тонн ургамал хамгаалах бодис импортлогдсон. Энэ нь сүүлийн жилүүдэд ургамал хамгаалах химийн бодис импортлох нь ихэсч байгаа тоо юм. Монгол Улсад 2000 оноос хойш ХАА-д хэрэглэж болох ургамал хамгаалах химийн бодисын жагсаалтыг ХХААЯ, ЭМЯ, БОНХЯ-ны гурван сайдын хамтарсан тушаалаар баталж гаргадаг.

-Ургамал хамгаалал гэхээр ургамалын өвчлөл, хогийн ургамалаас хамгаалах бодисыг хэлж байна уу?

-Ямар ч ургамал хамгаалах химийн бодисыг импортлох, хадгалах, худалдаалах үйл ажиллагааг тусгай зөшөөрөлтэй эрхэлдэг. Пестицид гэдэг нь ерөнхий нэр бөгөөд зориулалтаар нь инсектицид-хортон шавьжийн эсрэг фунгицид-өвчиний эсрэг, гербицид-хог ургамлын эсрэг гэх мэт ямар зориулалтаар ашиглаж байгаагаас нь хамаарч нэрлэдэг л дээ. Манай оронд эдгээр гурван зориулалтаар хэрэглэхээс гадна өсөлтийг нь дэмжих, болцыг нь түргэсгэх, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг. Жишээ нь: Хөнөөл учруулж байгаа зүйл нь өвчин бол өвчний эсрэг, хортон бол шавьжийн эсрэг гэх мэтээр тухайн химийн бодисыг хэрэглэх хугацаа, тун хэмжээ, хэрэглэх аргыг зөвлөмжийн дагуу хэрэглэх нь ёстой.

-Эдгээр зөвлөмжийг ажил хэрэг болгож байгаа эсэхэд танайх хяналт тавьдаг уу? Ер нь газар тариалан эрэлдэг компаниуд эдгээрийг хэрэглээд бараг сурчихсан биз дээ?

-Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа ургамал хамгаалах химийн бодис, бордоо нь хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд хүчтэй нөлөө үзүүлдэг учраас эдгээр бодисыг ашиглах, хадгалах явцад анхаарал, болгоомжтой байх ёстой. Ургамал хамгаалах химийн бодис, бордоог технологийн дагуу зөв хэрэглэж шаардлагатай тохиолдолд энэ чиглэлээр мэргэшсэн лицензтэй байгууллагаар хийлгүүлэх, зориулалтын агуулахад, тохиромжтой нөхцөлд хадгалж эрсдэл үүссэн тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөсөн байх хэрэгтэй байдаг.

-Зориулалтын агуулахад хадгалаагүйгээс ямар эрсдэл гарч болох вэ? Энэ нь тарьсан ургамлаа хамгаалах биш сөрөг нөлөө үзүүлэх ч юм уу аль эсвэл хүний эрүүл мэндэд нөлөөлөх зэрэг үр дагавар гарч болох уу?

-Ургамал ургалтын үед ургамал хамгаалах химийн бодис, бордоог буруу хэрэглэх, шаардлага хангаагүй агуулахад хадгалсанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, хүний биед бага хэмжээний тунгийн үйлчилгээнд урт хугацаагаар өртөхөд хорт хавдар, харшил, мэдрэлийн эс гэмтэх, дархлаа буурах, үр хөврөлд нөлөөлөх зэрэг эрүүл мэндэд хортой байдаг бол тарималд нь ч химийн бодис үлдэх эрсдэлтэй. Иймд ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ маш сайн угааж хэрэглэх, гарал үүсэл нь тодорхой, шинжилгээ баталгаажилттай бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний зөвшөөрөл бүхий газраас худалдан авч хэрэглэх шаардлагатай байдаг.

-Хаврын тариалалтын үед хэдэн зуун га газартай томоохон компаниудаас гадна өрхийн тариалан эрхэлж хүнсний ногоо тарьдаг ногоочид олон байдаг. Тэд тарьсан жимс жимсгэнэ, хүнсний ногооныхоо ургалтыг нэмэгдүүлж хогийн ургамалаас сэргийлэхийн тулд хор цацдаг. Тэгж хор цацах үедээ хэрэглэдэг хамгаалалтын хувцас хэрэглэл гэж байх уу?

-Байлгүй яахав дээ. Ургамал хамгаалах химийн бодистой харьцаж ажиллах үед нэг бүрийн хамгаалах хувцсыг заавал өмсөнө. Үүнд: Комбинзон, юмуу өмд цамц, Эдгээр нь пестицид нэвтрэхгүй материалаар оёдог бол бээлий шингэн нэвтрэхгүй материалаар хийгдсэн байх ёстой. Хөвөн даавуун, арьсан бээлийг хэзээ ч хэрэглэж болохгүй. Малгайгаа резинэн юм уу хуванцар эдээр хийж өмсөх шаардлагатай. Гутлын хувьд бариу түрийтэй, резинэн, цэвэрлэхэд хялбар эдээр хийгдсэнийг өмсөх нь зохимжтой. Мөн хошуувч хэрэглэж нүдний шил зүүх бол химийн бодистой ажиллах үедээ юм идэж уух, тамхи татахыг хориглож энэ тухай анхааруулсан сэрэмжлүүлэх тэмдгийг зохих газруудад байрлуулсан байхыг шаарддаг. Пестицидийг заасан тунгаар, зөв зохистой хэрэглэх шаардлагатай байдаг түүний  сав, баглаа боодлыг нь ахуйн зориулалтаар хэрэглэхийг хатуу хориглодог.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ