НҮБ-ын 70 жилийн ойгоор дэлхий цэнхэр өнгэтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-21 12:49:47

НЬЮ-ЙОРК. /TOI/. 70 жилийн ойг тохиолдуулан Сиднейн дуурийн театраас Египетийн Гизагийн пирамид хүртэл, дэлхийн түүхэн дурсгалт 200 гаруй газар аравдугаар сарын 24-ний өглөөний нар мандахад цэнхэр өнгөөр гэрэлтэнэ гэж НҮБ мэдээллээ.

“Дэлхийг НҮБ-ын цэнхэр болгох санаачилгын дор 60 гаруй орны түүхэн дурсгалт 200 орчим газар нэгдээд байна” гэж даваа гарагт НҮБ-ын Харилцаа, олон нийтийн мэдээлэл хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Кристина Галлак хэлснийг Синьхуа уламжиллаа.

Бразилийн Христийн хөшөө, Оросын Эрмитажийн музей, Иорданы эртний хот Петра болон Италийн Пизагийн налуу цамхаг зэрэг бусад түүхэн газрууд багтаж байна.

НҮБ-ын албан ёсны цэнхэр өнгө нь дэлхий даяар танигддаг билээ. НҮБ-ын энхийг сахиулагчид цэнхэр дуулга, дугуй малгайгаараа албан ёсоор ялгардаг бол НҮБ-ын туг ч мөн цэнхэр суурьтай байдаг.

1948 оноос хойш аравдугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. 1971 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гишүүн орнууддаа энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгохыг уриалсан байна.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ