“Kincora Copper” компани дараачийн "Оюутолгой"-г илрүүлэх зорилго тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-03-09 13:17:25

ЛОНДОН. /Reuters/. Канадын уул уурхайн “Kincora Copper” компани Монголд удахгүй хайгуулын өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа тухай тус компанийн захирал Сэм Спринг мэдэгдээд “хайгуул хийх энэ бүс нутгаас маш сайн чанарын зэс илэрнэ гэж найдаж байна” гэлээ.

Одоо байгаа зэсийн ордуудын нөөц хомсдож байгаа учраас уул уурхайн компаниуд цахилгаан машин зэрэг техник технологи ашиглан зэсийн ордуудыг шинээр нээн илрүүлж, зэсийн хэрэгцээг хангахаар зорьж байна.

“Kincora Copper” компанийн захирал Сэм Спринг Монголыг зэс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг, 1970-аад оны үеийн Чили улстай харьцуулжээ. Тухайн үед Чилид олж илрүүлээгүй асар их нөөцтэй зэсийн ордууд байв. Зэсийн хайгуулын чиглэлээр туршлагатай баг Монголд “Оюутолгой” шиг асар их нөөцтэй ордыг илрүүлнэ гэж тэрбээр найдаж байна.

Монголын Өмнөговь аймагт орших дэлхийн хамгийн томоохон зэсийн ордуудын нэг болох “Оюутолгой”-н 5.3 тэрбум долларын өртөгтэй өргөтгөлийн ажлыг эхлүүлэх тухай шийдвэрийг “Рио Тинто” групп өнгөрсөн онд гаргасан билээ.

С.Спирнг “Reuters” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “манай компани ойрын саруудад хоёр газарт хайгуулын өрөмдлөг хийнэ” гэжээ.

Тус хоёр газрын нэг нь геологийн хувьд “Оюутолгой”-той адил “Баянтал” бол нөгөөх нь Монголын засгийн газрын стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудын жагсаалтад багтсан “Зүүн Цагаан суварга” гэдэг орд юм.

“Kincora Copper” компани нь Монголд үйл ажиллагаа явуулах 10 тусгай зөвшөөрөлтэй бөгөөд дахин хоёр газарт хайгуул хийх хүсэлт гаргаад байгаа аж. Тусгай зөвшөөрлөөр хайгуул хийх газрууд нь 15 мянган км2 талбайг хамарч байна.

Нүүрс, зэс зэрэг ашигт малтмалын экспортын орлогоос бараг бүрэн хамааралтай Монгол нь ОУВС тэргүүтэй олон улсын зээлдүүлэгчидтэй хийсэн хэлэлцээрийн дараа гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгаа юм.

Ашигт малтмалын хайгуул хийх талбайн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа тус улс мэдэгдсэн билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ